Ойгүйжилт

Шинжлэх ухааны академийн газар зүй-геоэкологийн хүрээлэн-гийн мэдээлснээр Монгол Улсын ойн сан бүхий газар 2016 оны байдлаар 18.5 сая.га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.8%-ийг эзэлж байна.

Эх сурвалж: Шинжлэх ухааны академийн газар зүй-геоэкологийн хүрээлэн

Нийт 18.5 сая.га газрын 12.3 сая.га газар буюу 66.8% нь хэвийн ургаж байгаа ой, 5.6 сая.га газар нь түймэр, мод бэлтгэл, хөнөөлт шавжид нэрвэгдсэний улмаас доройтолд нэрвэгдсэн ойгоор бүрхэгдээгүй газар эзэлж байна. Үлдсэн 543.4 мянган га нь ойн сан доторх ойн бус талбай байна. 12.3 сая.га газар буюу ойгоор бүрхэгдсэн талбайг нийт газар нутагт харьцуулсан хувь буюу ойрхог чанар 7.9 % байна (Монгол орны байгаль, орчны төлөв байдлын тайлан 2015-2016).

Зураг1. Ойн нөөцийн мэдээллийн сан, Ойн судалгаа, хөгжлийн төв

 

 

 

Зураг1-ээс хархад Монгол орны хойд хэсгээр шинэс, нарс, хуш, гацуур, хус, улиангар зонхилон ургадаг бол өмнөд хэсгээр заг мод голлон ургадаг. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан ойн түймэр, ойн хөнөөлт шавж өвчний тархалт ихэсч ойн тархалт, нөөцөд ихээхэн хохирол учруулж байна.

Хэдийгээр ҮСХ-ны тоо баримтаас хархад Монгол Улсын ойн сан бүхий газарт учирсан нийт хохирлын хэмжээ жил ирэх бүр багасах хандлагатай байгаа ч ойгоос бэлтгэсэн модны хэмжээ жил бүр өсөх хандлагатай байна. 2017 оны байдлаар 225 мянган.га газарт хохирол учирсан ба энэ нь өмнөх оноос 2 дахин бага үзүүлэлт юм. 

2016 оны байдлаар ойн сангийн 1836.5 мян.га талбай ойн түймэр болон хөнөөлт шавжид, 0.9 мян.га талбай байгалийн гамшигт (салхи, шуурга, цас) нэрвэгдсэний, 106.7 мян.га талбай мод бэлтгэл явагдсаны улмаас доройтолд орсон байна (Монгол орны ойн сан. 2016. УБ. Ойн судалгаа хөгжлийн төв).

Монгол орны ойн сангийн өөрчлөлтийн хүчин зүйлсийн урьдчилсан үнэлгээний тайланд дурдсанаар шатсан ой талбайн 2%, мод бэлтгэсэн талбайн 10% орчим нь хомстолд ордог ба энэ үзүүлэлтээр тооцвол ойгоор бүрхэгдсэн талбай жил бүр дунджаар 47000 га-гаар хорогдож байна.

Ойн өөрчлөлтийн хамгийн нөлөөтэй хүчин зүйлс болох

- Ойн түймэр

- Замбараагүй, хууль бус мод бэлтгэл

- Ойн зохисгүй ашиглалт

зэрэг ойн доройтлыг бууруулахад чиглэсэн ойн тогтвортой менежментэд тулгуурласан бодлого, үйл ажиллагаа явуулах нь хийгдэх шаардлагатай чухал ажлуудын нэг болоод байна. Эдгээр асуудлуудыг шийдэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, улмаар хүлэмжийн хийн ялгарлыг багасгах зорилгоор одоогийн байдлаар хэрэгжиж байгаа ойн чиглэлийн төсөл, хөтөлбөрийн талаар “Ойн тогтвортой хөгжлийн менежмент” хөтөлбөрт дурдсанаар:

“Төрөөс ойн талаар баримтлах бодлогын зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний дунд хугацааны төлөвлөгөө”

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 49-р тогтоолоор “Төрөөс ойн талаар баримтлах бодлого” батлагдаж, БОАЖЯ-ы сайдын 2017 оны А/98 дугаар тушаалаар энэхүү дунд хугацааны төлөвлөгөөг батлуулсан байна.

“Ойн цэвэрлэгээ” хөтөлбөр

Засгийн газраас 2014 оны 320 дугаар тогтоолоор энэхүү хөтөлбөрийг баталсан байна. Уг хөтөлбөрийн үр дүнд

- нийт 115,2 мянган га ойн талбай цэвэрлэгдэж

- ойн ерөнхий төлөв сайжирч

- 115.2 мянган га ойн шатах материалын нөөцийг 2885.8 мянган шоо метрээр багасгаж

- 6.4 мянган га талбайд ойг нөхөн сэргээх ажил тус тус явагдсан байна.

“Ногоон хэрэм” хөтөлбөр

Засгийн газрын 2005 оны 44 дүгээр тогтоолоор уг хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөр хэрэгжсэн 2005-2015 оны хооронд нийт 9676,2 га талбайд зориудаар ойжуулалт явагдсан байна.  

Санал болгох