Ногоон эдийн засаг хэмээх ойлголт нь 2008 оны санхүүгийн хямрал болон 2012 онд Рио Де Жанейро хотод зохион байгуулагдсан НҮБ-ийн “Тогтвортой хөгжил” бага хурлын (Рио+20) үеэр хөндөгдсөнөөр сүүлийн жилүүдэд олон улсын анхаарлын төвд эрчимтэйгээр орж байгаа билээ.
Рио+20 хурлын үеэр оролцогч улс орнуудын засгийн газрууд ногоон эдийн засгийг тогтвортой хөгжлийн чухал хэсэг хэмээн үзсэн юм.
Ногоон эдийн засаг буюу хүртээмжтэй, эдийн засгийн өсөлтийг хангасан, ажилгүйдэл, ядуурлыг багасгахын хажуугаар эх дэлхийн экосистемийн үйл ажиллагааг эрүүл байдлаар нь авч үлдэхийг зорих энэхүү санаачилгыг олонд түгээх, дэмжих олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүд цөөнгүй байна. Үүнээс товч дурдвал:
НҮБ-ийн Байгаль орчны хөтөлбөр
НҮБ-ийн харьяа Байгаль орчны хөтөлбөр нь 1972 онд Шведийн нийслэл Стокгольм хотноо болсон “Хүний хүрээлэн буй орчны хурал” –ын үр дүнд байгуулагдсан, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том байгууллага юм.
2012 оны 6 дугаар сард Рио +20 хурлын үеэр НҮБ-ийн Байгаль орчны хөтөлбөр нь дэргэдээ Байгаль орчны ассамблейг (UNEA) байгуулах шийдвэр гаргасан. Энэхүү ассамблей нь Байгаль орчны хөтөлбөрийн бодлогыг тодорхойлоод зогсохгүй стратегийн гол шийдвэрүүдийг гаргах үүрэгтэй.
Дэлгэрэнгүй мэдээлэл:
https://wedocs.unep.org/bitstream/handle/20.500.11822/27582/HealthyPlanet.pdf?sequence=1&isAllowed=y
Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл
2013 онд Монгол Улс НҮБ-ийн “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл”-д (PAGE) нэгдэн орсон анхны орнуудын нэг болсон. Уг санаачилга нь улс орнуудыг ногоон хөгжилд хүрэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа:
- Ногоон эдийн засгийн загварчлал ба бодлогын үнэлгээ
- Ногоон эдийн засгийн үзүүлэлтүүд
- Тогтвортой худалдан авалт
- Ногоон сургууль, цэцэрлэгүүд
- Үндэсний хог хаягдлын менежментийн стратеги
- Ногоон эдийн засгийн сургалтын стратеги
- Ногоон эдийн засагт хөтлөх санхүүгийн шинэчлэл
- Ногоон эдийн засаг ба загварчлал хичээлийн хөтөлбөр
Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.un-page.org/
Даян дэлхийн ногоон хөгжлийн институт
Даян дэлхийн ногоон хөгжлийн институт нь хөгжиж буй орнуудад тогтвортой, хүчтэй, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн байгууллага билээ. Монгол дахь хөтөлбөр нь засгийн газрын ногоон хөгжлийн бодлогын дараах зорилтуудыг шууд дэмжин ажиллахыг зорьж байна.
2020 он гэхэд
- эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 20%
- барилгын дулааны алдагдлын бууралтыг 20%
- ногоон хөгжилд зарцуулагдах зардлын ДНБ-д эзлэх хувийг 2%
Дэлгэрэнгүй мэдээлэл: http://gggi.org/country/mongolia/
Ногоон эдийн засгийн холбоо
Ногоон эдийн засгийн холбоо нь тогтвортой хөгжил, ногоон өсөлтийн үзэл санааг дэлхий дахинаа түгээх, олон талт хамтын ажиллагааг дэмжих зорилго бүхий дэлхийн хамгийн том ногоон эдийн засгийн холбоо юм. НЭЗХ нь 50 гаруй гишүүн байгууллагатай ба 2017 онд ЭЗБӨЧСТ нь НЭЗХ-ы Монгол дахь түнш байгууллага болсон билээ.
Уур амьсгалын ногоон сан
Монгол Улс 2015 онд “Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр”-т нэгдсэн. 174 улс нэгдсэн энэхүү хэлэлцээр нь дэлхий дахин уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх цаашлаад ногоон эдийн засгийг хөгжүүлэх чухал алхам болсон юм. Энэхүү санаачилгын хүрээнд Монгол Улс нь мөн “Уур амьсгалын ногоон сан”-ийн гишүүн болсон бөгөөд энэ хүрээн дэх хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхийг зорьж байна. “Уур амьсгалын ногоон сан” нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын (UNFCCC) хүрээнд дэлхийн 194 орны оролцоотой байгуулагдсан санхүүжилтийн механизм бөгөөд 2019 оны байдлаар уг сан нь 5 тэрбум ам.долларын төслүүдэд хөрөнгө оруулжээ.
ХасБанк нь 2016 оны 10-р сард Үндэсний Хэрэгжүүлэгч байгууллагаар шалгарч, Монгол Улсаас төдийгүй хөгжиж буй орнуудаас магадлан итгэмжлэгдсэн анхны хувийн хэвшлийн байгууллага, тэр дундаа анхны арилжааны банк болсон юм. ХасБанк Уур Амьсгалын Ногоон Сангаар дамжуулж дараах санхүүжилтийг хийх боломжтой:
- Хөнгөлөлттэй зээл
- Батлан даалт
- Өөрийн хөрөнгийн санхүүжилт
ХасБанк нь УАНС болон бусад хамтран санхүүжүүлэгч байгууллагын тусламжтайгаар нийт 21.5 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөсөн байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.greenclimate.fund/home