Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн дүр төрх

Монгол Улс нь Орос болон Хятад улсуудын дунд орших, нүүрс, зэс, алт, мөнгө, уран зэрэг байгалийн арвин их баялагтай далайд гарцгүй орон билээ. Дэлхийн банкны ангиллаар бага-дунд орлоготой орноор тооцогддог.

Дээр дурдсанчлан Монгол Улс байгалийн асар их баялагтай. Үүний үр дүнд нийт экспортын 90 орчим хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаа нь эдийн засаг уул уурхайн экспортоос шууд хараат болсныг илтгэж байна. Ийм экспортын бүтцээс хамаарч Монголын эдийн засаг гадаад шоконд хэт өртөмтгий болоод байна.  2019 онд Монгол Улсын ДНБ 5,2%, 2020 онд -5,3% байна. Судлаачид болон олон улсын байгууллагын үзэж байгаагаар Монгол Улсын ДНБ ирэх онд өсөх, өөдрөг таамаглалыг дэвшүүлсэн. “COVID-19-ийн өмнөх 3 жил дэх эдийн засгийн өсөлтийн дараа сүүлийн 11 жилийн хугацаанд анх удаагаа гүн гүнзгий уналтад орж, тахлын улмаас аж үйлдвэрийн үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт уналтад орж, нийгмийн эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зайлшгүй шаардлагатай болсон.

Монголын макро эдийн засгийн дүр төрхийг нийтэд мэдээллэх зорилготой сар тутмын макро эдийн засгийн тоймыг ЭЗБӨЧСТ гаргадаг билээ. Тус тоймоос та Монголын макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүд сар бүр хэрхэн өөрчлөгдөж буйг харах боломжтой. Монгол Улс нь газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 18-д эрэмбэлэгддэг хэдий ч ердөө 3,2 сая орчим хүнтэй. Гэвч 2020 оны байдлаар хүн амын 68,4% нь хот суурьшлын бүсэд амьдардаг ба нийт хүн амын 46,5% нь буюу 1,5 сая хүн зөвхөн Улаанбаатар хотод амьдарч байна.

ЭЗБӨЧСТ-өөс гаргасан "Улаанбаатар хот: Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан 2020" судалгаагаар газар нутгийн ердөө 0,3 хувийг эзэлдэг мөртлөө хүн амын тал нь амьдардаг нийслэл хотын хотжилтын үр нөлөөг үнэлэхийн тулд түүнийг зөв тодорхойлох, олон талаас нь бодитоор хэмжихийг зорьсон.

Манай улсын эдийн засгийн гол цөм нь яахын аргагүй Улаанбаатар хотод төвлөрч байна. Нийт үйл ажиллагаа явуулж буй ААНБ-ын 64,2 хувь нь нийслэл хотод төвлөрч, улсын нийт ДНБ-ний 64,7 хувийг энд бүрдүүлж байна. Дүүргүүдийн судалгааны үр дүнгээс харвал эдийн засгийн төвлөрөл өндөр, иргэдийн амьжиргааны түвшний өөрчлөлтийн талаарх хүлээлт эерэг байгаа боловч ажилгүйдлийн түвшин өндөр, үнийн өсөлтийн иргэдийн амьжиргаанд үзүүлэх дарамт их хэвээр байна. Нийт өрхийн 39 хувь нь сард 500 мянган төгрөгөөс доош орлоготой байна.

Тэгвэл аймгууд ДНБ-ний 35,3 хувийг бүрдүүлж хүн амын 53,5% нь амьдарч байна. Аймгуудын өрсөлдөх чадварыг жил бүр 176 үзүүлэлтээр тооцож аймгуудын давуу болон сул талуудыг “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан” тодорхойлсон. Судалгаагаар орон нутгийн хөгжил зарим талаараа жилээс жилд сайжирсаар байна. Аймгуудын ДНБ-д эзлэх хувь өссөн, төсвийн санхүүгийн дэмжлэг нэмэгдсэн, дундаж цалин өссөн, инфляци буурсан зэрэг сайн үзүүлэлтүүд харагдаж байгаа хэдий ч хөдөлмөр эрхлэлтийн түвшин буурсан, ажилгүйдэл нэмэгдсэн гэсэн сөрөг үр дүнгүүд ч байна. Аймаг орон нутагт ажлын байруудыг олноор бий болгож, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл, хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэхгүй бол Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас харахад 2030 он гэхэд Монгол Улсын нийт хүн амын 53%. 2045 он гэхэд 57% нь Улаанбаатар хотод амьдрахаар байна.

Санхүүгийн салбар нь аливаа улсын эдийн засгийн тусгал толь байдаг. Монгол Улсын хувьд санхүүгийн салбарын 90 орчим хувийг банкны салбар эзэлдэг. 

 

Санал болгох