Эрүүл байгаль орчин

Байгаль гэж манай дэлхий дээрх амьд болон амьд бус организмуудыг дэмжигч цогц тогтолцоог хэлдэг бол эрүүл байгаль орчин гэж хүний амьдрал, үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлдөг чулуун мандал, усан мандал, шим мандал, агаар мандлын харилцан шүтэлцээт хүрээллийн бохирдоогүй байдлыг хэлдэг. Хүн төрөлхтөн үүсэж бий болсон цагаасаа л байгалиас үр шимийг хүртэж байгалийн баялагт түшиглэн амьдарч ирсэн бөгөөд байгаль бол бидний зайлшгүй хадгалж үлдэх үнэт зүйл мөн билээ.

Сүүлийн жилүүдэд монгол орон төдийгүй дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөд нэрвэгдэх болсон. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас бидний амьдрах орчин өөрчлөгдөж мөсөн голууд, цас мөсөн уул болон хойд туйлын мөсөн бүрхүүл хайлж, далай тэнгисийн түвшин нэмэгдэж, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар нь агаарын бохирдол, цөлжилт, усны болон ойн сангийн хомсдол, байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамж зэргээр хүчтэй илэрч байна.

Уур амьсгалд нарыг тойрч буй дэлхийн орбитын өөрчлөлт, галт уулын дэлбэрэлт, уур амьсгалын систем дэх байгалийн үйл явц зэрэг нь нөлөөлж байдаг хэдий ч уур амьсгалын өөрчлөлтийн ихэнх хувь нь хүний үйл ажиллагаанаас (90 гаруй хувь нь) шалтгаалж байна. Хүний үйл ажиллагааны улмаас агаарт ялгарч байгаа хүлэмжийн хий, нүүрсхүчлийн хийн агаар дахь агууламж нэмэгдэж байгаа нь дэлхийн дулааралтын гол шалтгаан болж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх үнэлгээний 4 дүгээр тайлан илтгэлд дэлхийн дундаж температур өссөн гол шалтгаан бол хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн агууламжийн ихсэлт болох нь маш өндөр магадлалтай байна хэмээн тэмдэглэсэн байна.

Монгол орон нь газарзүйн байршил, уур амьсгалын онцлог, эдийн засгийн салбаруудын бүтэц, хөгжлийн түвшин болоод хүн амын амьдралын хэв маяг зэргээс улбаалан уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий орноор тооцогддог. Манай улс уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцид 1993 оны 6 дугаар сарын 1-ний өдөр нэгдэн орсон бөгөөд УИХ Парисын хэлэлцээрийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр баталсан. Монгол Улс болон Улаанбаатар хотын хувьд хүлэмжийн хийн ялгаруулалт харьцангуй бага харин нэг хүнд ногдох хүлэмжийн хийн хэмжээ, нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулж байгаа байгалийн нөөцийн хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт ордог байна. Мөн манай улсын хүлэмжийн хийн дийлэнх хувийг буюу 65.4%-ийг эрчим хүчний салбар гаргадаг бөгөөд 1кВт.цаг цахилгаан үйлдвэрлэхэд 520 грамм нүүрс хүчлийн хийг ялгаруулдаг байна[1].

Уур амьсгалын дулааралт, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчны доройтол цаашид үргэлжилбэл экологийн томоохон сүйрэлд хүргэхээс гадна улс орны эдийн засгийн тогтвортой хөгжил, хүн амын эрүүл мэнд, амьжиргаанд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь улам бүр нэмэгдэхээр байгаа ч бидэнд энэхүү өөрчлөлтийг удаашруулах боломж бий. Байгаль нь хувь хүний, хэсэг бүлгийн, аль нэг улсын өмнө биш хүн бүрийн асуудал тул байгаль орчны доройтлыг бууруулахын тулд хүн бүр амьдралын хэв маяг, дадал зуршлаа өөрчлөх хэрэгтэй байна.

 

[1] НЭЗТТ (2018), Ногоон эдийн засгийн бодлогын дүн шинжилгээ:Монгол Улс.х.36

1 сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
  • egshiglen

    mash goy huuhduud bid nart iim zuiliig zaaj ogc bgd byrll

    2022-10-06 хариулах