“Ногоон эдийн засаг” шилдэг эссэнүүд

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс оюутан, залуусын дунд ногоон эдийн засгийн тухай ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Ногоон эдийн засаг” шилдэг эссэ бичих уралдаан зохион байгуулсан. Тус уралдаанд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Социологийн хөтөлбөрийн 4-р курсын оюутан Б.Цэндмаа “Уур амьсгалын өөрчлөлтийн нийгэмд үзүүлэх нөлөө” сэдвээр түрүүлсэн бол, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Социологийн хөтөлбөрийн 2022 оны төгсөгч О.Эрдэнэсувд "Ногоон санхүүжилт ба ХАА-н салбарын асуудал" сэдвээр дэд байр, Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн Хүрээлэн буй орчны инженерийн ангийн 3-р курсын оюутан П.Халиунзул "Ногоон эдийн засаг" сэдвээр гуравдугаар байр тус тус эзэлсэн.

"Уур амьсгалын өөрчлөлтийн нийгэмд үзүүлэх нөлөө" 1-р байр /40.5 оноо/

Оршил

Уур амьсгалын өөрчлөлт нь улс орнуудын төдийгүй дэлхий дахинд тулгамдаж буй томоохон асуудлын нэг ч хүмүүсийн нийтлэг хандлага нь дэлхий дулаарч, байгалийн гамшигт үзэгдэл нэмэгдэж байгаа тухай л голчлон ярьдаг. Гэвч уур амьсгалын өөрчлөлт гэж юуг хэлээд байгаа, үүнд хүний нийгмийн үйл ажиллагаа хэрхэн нөлөөлж байгаа, цаашлаад улс орны эдийн засагт, нийгэмд, байгаль орчинд бидний эрүүл мэнд, боловсрол, амьдрал ахуйд учруулах аюул, хор уршиг,үр дагавар зэрэг асуудлын цаад мөн чанарыг сайтар ойлгох хэрэгтэй болов уу.

Тэгвэл уур амьсгалын өөрчлөлт, түүнийг бий болгож буй хүчин зүйлс юу вэ, ямар судалгаа баримт дээр үндэслэн дэлхий нийтийн анхаарлаа хандуулах ёстой асуудал болсныг товчхон авч үзвэл:

Уур амьсгалын өөрчлөлт нь температур болон цаг агаарын төлөв байдал дахь урт хугацааны өөрчлөлтийг хэлдэг.1800 оноос хойш хүний үйл ажиллагаа нь уур амьсгалын өөрчлөлтийг бий болгогч үндсэн хүчин зүйлийн нэг байсаар ирсэн бөгөөд нэн ялангуяа нүүрс, нефть, хий зэрэг чулуужсан түлшийг шатааснаас үүдэлтэйгээр уур амьсгалын өөрчлөлт бий болж байна. Чулуужсан түлшийг шатааснаар хүлэмжийн хийн ялгаралтыг бий болгож, тэдгээр нь дэлхийг тойрон хөнжил шиг хучсанаар нарны дулааныг өөртөө татаж, температурыг өсөхөд хүргэдэг. Машин жолоодох эсвэл барилга байгууламжийг нүүрс түлж халаах үед ашигласан шатахуун, хогийн цэг дээрх хог аж үйлдвэр, барилга, хөдөө аж ахуй нь нүүрстөрөгчийн давхар исэл болон метан зэрэг гол ялгаруулагчдын тоонд багтана. Дэлхий бол тэр чигтээ нэг цөм систем бөгөөд энд бүх л зүйл холбоотой байдаг, нэг бүсэд бий болсон өөрчлөлт нь дэлхийн бусад бүх хэсэгт өөрчлөлт бий болгох нөлөөтэй. Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавруудад ган гачиг, усны хомстол, гал түймэр, далайн түвшин өсөх, үер, туйлын мөс хайлах, хүчтэй шороон шуурга болон биологийн төрөл зүйл хомстох зэрэг өөрчлөлтүүд бий болдог. (UN, 2021) Үүнээс үзэхэд хүний үйл ажиллагаа илүү их нөлөөлж байгааг харж болохоос гадна маш олон салбарыг хамарсан дэлхийн улс орнуудын хөгжил, бодлогын түвшний асуудал болжээ. Олон судалгаа материалуудад уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн эрсдэлт хүчин зүйлүүдийг түлхүү авч үзсэн бол энд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас нийгэмд тулгарч буй асуудал сөрөг нөлөө үр дагавруудын талаар 3 салбарын хүрээнд авч үзье.

1. Эдийн засаг тэр дундаа хөдөө аж ахуйн салбарыг онцлоё. 2021 онд улсын хэмжээнд 188.5 мянган малчин өрх тоологдсон нь нийт өрхийн 20 орчим хувийг эзэлж байгаагийн дээр байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай, эдийн засгийн гол салбар нь хөдөө аж ахуй болдог манай орны хувьд уур амьсгалын өөрчлөлтийн асуудал чухлаар хөндөгдөнө. Манай орны нийт нутгийн 70 орчим хувийг бэлчээр эзэлдэг бөгөөд бэлчээрийн талбайн ургамал бас нүүрсхүчлийн хийг шингээх үүрэгтэй. Ургамал доройтож талхлагдан, цаашлаад цөлжвөл хөрсөн дээр халалт үүснэ. Тэгэхээр манай орны хувьд малын тоо толгойн асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, бэлчээрийн зөв менежментийг хэрэгжүүлэх, мал сүргийн бүтцэд анхаарах зайлшгүй шаардлагатай. Хөрсний доройтлыг бий болгож байгаа том хүчин зүйл бол мал аж ахуй. (П.Гомболүүдэв, 2019) Гэтэл малчид бол нийгмийн томоохон бүлгийн нэг. Хэдий мал хөрсний доройтлыг бий болгож байгаа хүчин зүйлийн нэг мөн ч малын тоо толгойг огцом багасгах, хурдан хугацаанд менежмент хийх боломжгүй. Яагаад гэвэл монгол улсын эдийн засгийн тулгуур багана болохоос гадна нийгмийн олон бүлэг давхаргын наад захын амьжиргааны гол эх үүсвэр болдог учир энэ асуудалд хоёр талтай хандах хэрэгтэй.

2. Дараагийн онцлох нийгмийн нэг салбар бол эрүүл мэндийн салбар юм. Дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй хүмүүс цаг агаар, уур амьсгалын ялгаатай нөхцөл байдлаас үүдэлтэй амьдрах орчин, эрүүл мэндийн хувьд тулгарч буй олон саад бэрхшээл өвчлөтүүд байдаг. Монгол Улсын хувьд 2009 онд Монголын анагаах ухааны академи, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн хийсэн судалгаагаар 1985 оноос 2007 оны хугацаанд амьсгалын замын өвчлөл тасралтгүй буурч ирсэн нь дэлхийн дулааралтай холбоотой хэмээн үзжээ. 2017 оноос эргээд өсөх хандлагатай болсон нь хэт хуурайшилт, тоосжилт болон агаарын бохирдолтой холбоотой. Томуу томуу төст өвчин, хатгалгаа, амьсгалын замын бусад цочмог халдвар нь нэн хуурай, хуурай сэрүүн бүсэд зонхилж байна. (З.Батжаргал, 2020) Мөн шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй хүн амын хэт төвлөрөл, агаар, хөрсний бохирдол, хог хаягдлыг нэмэгдүүлж Улаанбаатар хотод эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл жил ирэх тусам багасаж байна. Тиймээс уур амьсгалын өөрчлөлт нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь өндөр байна.

3. Гуравдугаарт, Боловсролын салбар уур амьсгалын өөрчлөлт хоёр холбоо хамаарлын хувьд хол сонсогдож байж магадгүй. Сурч боловсрох нь хүний эдлэх ёстой үндсэн эрхүүдийн нэг юм. Уур амьсгалын өөрчлөлтийн боловсролын салбарт үзүүлэх нөлөөлөл нь янз бүр байна. 1999-2002 он, 2009-2010 онд болсон зудын хоёр тохиолдлын улмаас Монгол орны баруун хэсэгт малчин өрхийн хүүхдийн суурь боловсролд хамрагдах магадлал буурч байсан байна. Мөн сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж, сургалтын хэрэглэгдэхүүн, багш ажилтны гэр орон сууц хүртэл үерийн гамшигт өртөж хохирол амсах ч тохиолдлууд байдаг бөгөөд багш, ажилтны амьдрал, ахуйд учирсан хохирлыг дутуу үнэлдгээс сэтгэл санаагаар хямрах улмаар энэ байдал нь тэдний ажлын гүйцэтгэлд нөлөөлөх магадлалтай. (Сан, 2019) Саяхан 2022 оны 11 сарын 25 нд Улаанбаатар хотын бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд цаг уурын хүндрэлийн нөхцөл байдлаас үүдэн цахимаар хичээллүүлсэн. Нэг талаас байгалийн эрсдэлт хүчин зүйлээс сэргийлсэн гэж бодож болох ч заавал боловсролын байгууллагын үйл ажиллагааг хязгаарлах шаардлага байсан уу гэдэг асуулт үлдэж байна.

Дүгнэлт: Дээрх бүгдээс дүгнэн үзэхэд уур амьсгалын өөрчлөлт гэдгийг зөвхөн байгаль, цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарал гэж харах нь өрөөсгөл бөгөөд шууд болон шууд бус байдлаар бүхий л салбаруудад нөлөөлж байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн тухай шинжлэх ухааны болон олон улсын яриа хэлэлцээний тухай гол дүгнэлтээр:

“Өнөө цагийн уур амьсгалын өөрчлөлт харьцангуй богино хугацаанд маш эрчимтэй явагдаж байгаа бөгөөд энэ өөрчлөлтийг одоо л зогсоохгүй бол дараа ийм боломж бараг үгүй болж, дэлхийн байгаль, экологийн тогтолцооны тэнцвэр нэгэнт алдагдсан байх болно...” гэж үзэж байна. (Д.Дагвадорж, 2020)

Уур амьсгалын өөрчлөлт нь эхлээд ган гачиг, усны хомсдол, гал түймэр, далайн түвшин өсөх, үер, туйлын мөс хайлах, хүчтэй шороон шуурга зэрэг байгалийн эрсдэлт хүчин зүйлийг бий болгоно. Харин үүнийг бий болгож байгаа гол хүчин зүйл нь хүний үйл ажиллагаатай холбоотой байна. Тиймээс наад зах нь хүн бүр эко тор ашиглаж хэвших, улс орон нь хог хаягдлаа дахин боловсруулдаг болчиход л уур амьсгалын өөрчлөлтийг багасгахад оруулж буй хувь нэмэр билээ.

"Ногоон санхүүжилт ба хөдөө аж ахуйн салбарын асуудал" 2-р байр /35.5 оноо/

XXI дүгээр зуун хүн төрөлхтөн энэ зууныг мэдээлэл технологийн эрин зуун гэж нэрийдэж байсан авч нөгөөтэйгүүр уур амьсгалын өөрчлөлтийн эрин зуун болж хувирав уу гэлтэй. Нэг л баримт сөхөхөд NASA-ийн судалгаанд агаар мандал дах CO2-ийн хэмжээ үйлдвэрлэлийн өмнөх үеэс (1850 он) 48% -иар нэмэгдсэн. Сүүлийн 100 жилд дэлхийн далайн дундаж түвшин 178 мм-ээр дээшилсэн. Цаашид тогтмол өсөх хандлагатай байна гэж дурьдсан байна. Энэ байдал үргэлжилсээр байвал гарах үр дүнг төсөөлөхөд ч бэрх. Монгол улсын хувьд усны төв газраас мэдээлснээр Монгол Улсад сүүлийн 3 жилд 2,452 гол горхи ширгэжээ. Түүнчлэн нийт нутаг дэвсгэрийн 74% цөлжилтөд өртсөн аж. Тэгвэл үүнийг хэрхэн саармагжуулах талаар хамгийн зөв шийдлийг эрэлхийлж үзье.

Үүнд бүх нийтээр нэгэн зэрэг ногоон эдийн засагт хүрэх  нь амин чухал гэж үзсээр байна. Ногоон эдийн засаг, үйлдвэрлэл гэдгээ товчхон тайлбарлавал хор хөнөөлийн түвшин бага, ирээдүйд байгалийн нөөц баялгаа шавхахгүй, байгаль орчны хамгаалалтаа эдийн засгийн үйл ажиллагаатайгаа нийлүүлэх чухал ач холбогдолтой юм. Ногоон эдийн засгийн гол хөшүүрэг нь ногоон санхүүжилт, ногоон зээл гэж харж байгаа. Ногоон санхүүжилтийн хөрөнгийн дэмжлэгийн үр нөлөө нь эрчим хүч багатай, бохирдол багатай, нүүрс хүчлийн хийн  ялгарал багатай байхын зэрэгцээ өндөр бохирдол, ялгаралт ихтэй үйлдвэрлэлийн зан үйлийг саармагжуулах замаар байгаль орчны гүйцэтгэлийг сайжруулах боломжтой байдаг байна.Тэгвэл манай улсад ногоон санхүүжилт зээл олголт хэр байна вэ?.  Манай улсын хувьд ногоон статистик гаргадаг болсон ба ногоон эрчим хүч ашиглаж түүнийг хэмнэж байгаа бизнес эрхлэгчдэд банкуудаас ногоон санхүүжүүлэлт, ногоон зээлийг олгож байна. Ингэснээр сэргээгдэх эрчим хүч 6-13 хувиар нэмэгдсэн байна. Ногоон хөгжлийг бий болгохын тулд хөрөнгө оруулалт ихээр шаардлагатай байдаг тул “Тогтвортой санхүүжилтийн замын зураглал” батласан. Уг замын зургийг баталснаар 2030 он гэхэд ногоон зээлийн хэмжээг банкны салбарт 10%, банк бус санхүүгийн салбарт 5% хүргэхээр төлөвлөсөн байна. Энэ нь олон улсад үнэлэгдэж байгаа нь сайшаалттай. 2021 оны жилийн эцсийн байдлаар 16 аж ахуйн нэгжид 54 тэрбум төгрөгийн татварт ногдох орлогт хөнгөлөлт үзүүлээд байгаа юм. Мөн түүнчлэн байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай зохистой ашиглах, агаар, орчны бохирдлыг бууруулах, хүлэмжийн хийг бууруулах, эрчим хүч хэмнэсэн аж ахуй нэгж байгууллага иргэддэд эко тэмдэг ногоон сертификат олгосон нь шинэлэг бүтээлч ажил байсан гэж харж байгаа.  2016 оны 2 дугаар улирлын байдлаар байгаль орчны салбар дахь ажлын байр 33.1 хувь, нийт ажлын байрны 10 хувь нь ногоон ажлын байр байна. Арилжааны банкуудын хувьд ногоон зээлийн үлдэгдэл 2022 оны 2-р улирлын байдлаар 3555 зээлдэгчдийн 329,6 тэрбум төгрөг байна. Эдгээр зээлүүдийн дийлэнхийг ногоон барилгын салбарт, эрчим  хүчний хэмнэлтийн болон бохирдлоос сэргийлэх, бууруулах үйл ажиллагааны зээлдэгчид авсан байгаа юм.

Гэсэн хэдий ч ногоон эдийн засгийн холбооноос “Монголын засгийн газар байгаль орчинд халтай олборлох салбартаа бизнесийн дэмжлэг (ногоон нөхцөлгүйгээр) үзүүлж байгаа нь улс орны чулуужсан эдийн засгийг улам бэхжүүлж, ногоон санаачилгад хөрөнгө оруулах хөшүүргийг шууд сулруулж байна” гэж дүгнэсэн байна. Энэ нь ногоон санхүүжилтийн олон урсгалыг хааж буй юм. Нөгөөтэйгүүр уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулах бодлого хэрэгжилтийн зөрүүтэй байгааг илтгэж байгаа гэлтэй. Өнөөгийн  хөрсөн дээрээ харвал арилжааны банкууд харьцангуй сайн түлхүү ногоон зээл олгож байна гэж дүгнэж болохоор байгаа юм.  Ногоон зээлийн хүү энгийн зээлийн хүүнээс харьцангуй бага байх нь чухал байдаг. ААН байгууллага иргэд ногоон зээлд тийм ч сайн хамрагдахгүй байгаа нь ойлголтын зөрүүтэй байдал мэдээлэл, мэдлэгийн дутмаг байдал нөлөөлж байна гэж харж байгаа юм. Жишээ авч үзвэл орон нутгийн түвшинд ногоон зээл, ногоон эдийн засгийн санхүүжилтийн талаарх ойлголттой хүн маш бага байгаа бөгөөд түүнээсээ болоод хамрагдалт муу, авч чадахгүй гэсэн бодол, мөн төсөл бичих ур чадвар зэрэгтээ эргэлзэж буй байдлаас харагдаж байгаа юм. Ерөнхийдөө уур амьсгал, байгаль орчны доройтол, гэнэтийн аюул, эрсдэлт байдал нь нэг төслийн хэрэгжилт, нэг хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчээс эхлээд эдийн засаг, санхүүгийн салбар цаашлаад улс орон, дэлхийн хэмжээнд чухал нөлөө үзүүлдэг, их хэмжээний эрсдэлийг дагуулдаг талаарх олон нийтийн мэдээлэл дутмаг байгаа нь тогтвортой санхүүжилтийн үйл ажиллагаа, хөгжил дэвшилд сөргөөр нөлөөлж байна. Нөгөө талаас олгогч байгууллагын мэдээлэл түгээлт таниулан сурталчилах нь  муу байна гэж үзэж байна. Ногоон зээл олгогч байгууллагууд өөрсдийн цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл шатлалт байгууллагын ажилчидтай хамтран зохион байгуулах нь үр дүнтэй юм. Мөн байгаль орчин, уур амьсгалын эрсдэлийг тодорхойлох, үнэлэх чадвартай бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчин санхүүгийн салбарт дутагдаж байгаа нь бас нэгэн бэрхшээл болж байгаа юм.

Манай улсын хувьд нүүрс хүчлийн хийн ялгаруулалт хамгийн өндөр хэсэг  нь ХАА  буюу МАА-н салбар билээ. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс дурьдахад нийт нутгийн 25.0 % - 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн), 3.6 % - 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн), 4.7 % - 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна. Гэвч төдийлөн энэ салбараа авч үзэхгүй байна гэж харж байна. Бэлчээрийн даац хэтрэлт түүнийгээ дагаад бэлчээрийн доройтол, цөлжилт асар ихээр нэмэгдсээр л  байна. Бид соёл уламжлалаа МАА-гаа хадгалах нь аялал жуучлалын салбарын чухал эс хийгээд түүний үр дүнд эдийн засагт асар их нөлөө үзүүлэх боломжтой юм. Ногоон барилга, байгууламж орон сууц, аялал жуучлалыг бүсчлэн хөгжүүлснээр 2030 онд ХХЯ-ын нийт хэмжээ 22.7%-иар буурах боломжтой гэж үзсэн байна. Олон улсын жишигийг харахад малынхаа идэш тэжээл дээр анхааран баасаар нь дамжуулан CO2 ялгаруулалтыг нь багасгах технологийг амжилттай нэвтрүүлээд байна. Мөн түүнчлэн энэхүү салбарын түүхий эдийн үнэ хэт бага малчдын гараас шууд зах  зээлд нийлэгдэхгүй байгаагаас малчид илүү олон тооны мал маллахаас өөр сонголтгүй  болгоод байгаа юм. Ийм учраас түүхий эдийн зах зээлийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэжээлийн химийн найрлагыг өөрчлөх технологуудыг нэвтрүүлэх түүний хүрээний төсөлүүдэд санхүүжилт олгох нь нэн чухал юм.

Эцэст дүгнэж хэлэхэд бид боломжуудыг олж харж, бий болгох нь чухал ганцхан төр гэлтгүй бүхий  л түвшиндээ анхаарах нь зүйтэй. Нэгт төр бодлого боловсруулалтын түвшиндээ уур амьсгалын өөрчлөлт ногоон эдийн засагт анхаарч буй боловч хэрэгжилтэндээ хяналт тавихгүй бодлого хэрэгжилт ихээхэн урвуу байна. Хоёрт ААН, байгууллага, иргэд илүү мэдээлэл мэдлэгтэй болж боломжуудыг эрэлхийлж, чадваржих нөгөө талаас тэдэнд боломжуудыг олгох,чанартай технологи үйдвэрлэл бий болгох, санхүүгийн зах зээлд оролцогч байгууллагууд, зохицуулагч байгууллагуудад байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх эрсдэлийг таниулах, мэдлэг түгээх, мэдлэг хуваалцах замаар санхүүгийн салбар дахь байгаль орчны эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийн менежментийн чадавхыг сайжруулах мөн ногоон таксономигийн зарчмыг дахин нэг харж сайжруулах уян хатан болгох, Гуравдугаарт иргэд дор бүрээ хичээх  ингэхдээ энгийн зүйлээс  эхэлж мод тарих, байгальд ээлтэй бүтээгдэхүүн сонгож хэрэглэхээс л эхэлнэ. Нэгэн жишээ дурьдахад саяхан өрнөсөн “Нэг мод Нэг иргэн”  аянг нэг иргэнээс авахуулаад  байгууллага хамт олоноор нэгдэн өрнүүлсэн. Энэ нь бид даган дуурайх онолын үүднээс нэгнээсээ сэдэл авч ухамсаргүй байдлаар хийдэг байгаа юм. Иймээс бие биенээ уриалан дуудаж, үлгэрлэн дор бүрээ хичээж ногоон эдийн засагт хүрэхээр зорьж, эрүүл орчинд амьдарцгаая. Бидэнд боломж бий!!!!

"Ногоон эдийн засаг" 3-р байр /32 оноо/

Аж үйлдвэрлэл хүчээ авч байсан 20-р зуунд хүн төрөлхтөн бид их зүйлийг бүтээн босгохын зэрэгцээ байгаль эх дэлхийдээ их хэмжээний хохирол учруулсан. Үүний үр дүнд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хурдацтай нэмэгдэж хойд мөсөн далай хайлж, доор нь хуримтлагдсан асар их метан буюу хүлэмжийн хий дэгдэх аюултай тулгараад байгаа. Улс үндэстэн бүхэн л дор бүрнээ тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Манай орны хувьд байгаль эх дэлхийдээ хор хөнөөл учруулах тохиолдол цөөнгүй. Ирээдүйн байгаль орчны инженер хүний хувьд санаа зовж, хийж бүтээхийг эрмэлздэг хэд хэдэн асуудлын тухай дурдъя.

1. Би энэ зун Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд дадлагын ажлаар очсон юм. Монгол орны хамгийн тансаг, эрүүл ойтой гэж хэлэгддэг тэр газарт байгалийн сор шимийг шилж ургадаг Жодоо мод цөөн хэд бий. Зөвхөн нарны гэрлийн тусгал, хөрсний чийг гээд мод ургах нөхцөл төгс бүрдсэн газарт л энэхүү мод ургадаг. Тиймдээ ч улаан номонд орсон байх. Бүх зүйл нь төгс тэрхүү үзэсгэлэнтэй байгалийг та төсөөлөх гээд үзээрэй. Ой мод гэдэг метаны хийг шингээн хүчилтөрөгчийг ялгаруулж, байгалийн тэнцвэрт байдлыг хангаж, ус чийгийн тэнцвэрийг барьж, агаарыг цэвэршүүлж, хорхой шавж, амьтад ургамлын гэр болдог байгалийн эмч юм. Гэтэл тайга руу хүрэх замд хэдэн “нинжа” юу ч үгүй ухаж сэндийчээд тэр чигт нь орхиод явжээ. Энд тэндгүй овоолсон шороо, зэвэрсэн эвдэрсэн экскаваторын сэлбэг, дахиж хэзээ ч ус үзэхгүйдээ эмзэглэж үлдсэн голын хайрга чулуу гээд нүд халтирч, сэтгэл өвдөм дүр зураг толгойноос гардаггүй юм. Энэ мэтчилэн зөвшөөрөлгүй уул уурхай эрхэлдэг компаниуд, хувь хүмүүс ёстой л алтыг нь аваад авдрыг нь хаячихдаг. Хэн нэг сайн санаатны гар хүрэхгүй л бол тэр аймшигтай элэгдсэн газар тэр хэвэндээ л үлдэнэ гэхээр харамсалтай. Хэрэв модны үйлдвэрлэлийг хөгжүүлбэл байгаль дэлхийдээ болон эдийн засгийн хувьд үр ашигтай гэдгийг европын орнуудын сайн жишгээс харж болно. Хүмүүс өөрсдийн эрх ашгийн төлөө бусад амьтдын амьдрах орчин болсон модыг үгүй хийснээр дэлхий дээрх амьтдын төрөл зүйл багассаар, мод тэнцвэрийг нь хадгалах чухал үүрэгтэй гол мөрөн ширгэж, цөлжилт хурдацтай явагдаж, цэвэр усны хангамж хомсдож, эргээд өөрсдийн ундны усны хэрэглээ, эрүүл мэнд, аж төрөх байдалд өөрсдөө заналхийлсээр байгааг ухаардаг ч болоосой.

2. Бага байхдаа хогийн цэг дээр хүүхдүүд тоглож байхыг хараад их санаа зовнидог байлаа. Бидний ирээдүй хойч үе тийм орчинд өсөж торниж байхыг харах дэндүү өр өвдөм. Хүн бүр л эх дэлхийгээ хайрлах хэрэгтэй гэж хэлдэг боловч тэдний дийлэнх нь эх дэлхийгээ хордуулахад гар бие оролцсоор байдаг. Хог хаягдлын асуудал өнөөг хүртэл тодорхой шийдэлгүй байдаг нь манай улсын хувьд хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгодог.Бид хамгийн түрүүнд хогоо ангилж хаядаг, түүнийг ангилж авдаг тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй. Дотооддоо хангалтай дахин боловсруулах чадамжтай боловч холилдсон их хогон дундаас ангилж авна гэдэг их хэмжээний зардал шаарддаг гэж дахин боловсруулах үйлдвэрийн захирал эрхэм хэлж байсан юм. Холиод хийвэл хог ангилаад хаявал алт гэдэг юутай үнэн. Мөн гялгар уутны хэрэглээг нэг мөр зогсоочихвол алдах зүйл байхгүй л санагддаг.

3. Манай орны хөрсний бохирдлын ихэнх хувийг эзэлж буй зүйл бол модон жорлон. Тэр бүр дурдагдаад байдаггүй ч чухал сэдвүүдийн нэг. Хөрс, ус, агаар гэдэг хоорондоо ямагт уялдаа холбоотой байдаг. Аль нэг нь бохирдоход тэр даяараа бохирддог. Газар доорх ялгадсаас үүдэн гүний ус бохирдох нь цаг хугацааны асуудал. Төв цэвэрлэх байгууламжийг түшиглэн бохирдлыг био аргаар боловсруулж био хийг гаргаж аван өдөр тутамдаа ашиглаж болохуйц хэмжээнд хүргэхийн тулд био хийн сэргээгдэх эрчим хүчний станц байгуулах нууцхан мөрөөдөл надад бий.

4. Яг одоогоор миний ихээр шийдэхийг хүсэж, чадал нь байдаг бол хамгийн түрүүнд хийчихмээр санагдаад байгаа нэг зүйл нь и-баримтыг цахимжуулах. Цахим хувилбар гэж хэн хүний ажлыг хөнгөвчилсөн, цаасыг хэмнэсэн шинэ зууны шилдэг технологи байхад бид яагаад бүрэн хэрэгжүүлж чадахгүй байгааг гайхаж байна. Баримтыг хэрэглэгчийн найман оронтой кодоор цахимаар шивээд оруулчихдаг бол өдөр бүр халаасанд минь тэр олон цаас хөглөрөхгүй л байсан даа. Зарим нь замдаа хаягдана, ихэнх нь хогийн сав руу, мартагдсан хэд нь аль нэг хүрэмний халаасанд угаагдчихаад дахин ажил болдог. Далайд дусал нэмэр гэдэг шиг нэг хуудас цаас хэмнэхэд агаар дахь нүүрсхүчлийн ялгарал бага хэмжээгээр ч болов буурах нь ойлгомжтой.

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр хүрээлэн буй орчны асуудлуудад санаа зовниж эхэлсэн ба зөвхөн эдийн засгийн хувьд ашигтай байдлыг бус байгаль орчинд хэрхэн нөлөөлөх талыг тусган авч үзэх болсон нь сайшаалтай хэрэг. Энэ хэвээр байгаль орчиндоо сөрөг нөлөө үзүүлсээр байвал энэ нь ямар их хор хөнөөл дагуулж болзошгүй тухай хүн бүрд ойлгуулан таниулах нь хамгийн чухал. Мөн сэргээгдэх эрчим хүчний нөөцийг судлан энэ талын үйл ажиллагааг өргөтгөн газрын гүний, нарны, салхины, усан цахилгаан станцуудыг барьж байгуулах нь цааш цаашдын зорилго юм. Эдийн засгийг ногоон болгох нь шинэ бизнес нээх, эрчим хүчний зардлыг бууруулах, шинэ зах зээл нээх шинэ боломжийг олгож, эерэг хандлагыг бий болгодог учраас хөрөнгө оруулалт нэмэгдэхэд хүргэдэг. Ногоон ажлын байр нь ажлын байрны тогтвортой байдлыг хангана. Судлаач, байгаль орчны инженер,хог хаягдлыг зохицуулагч, нарны зай хураагуур суурилуулагч гэх мэт олон ногоон ажлын байр бий болно. Усаа хаах, хогоо ангилах гээд та бидний жижиг үйлдлээс ногоон ирээдүй эхлэх учир байгаль орчиндоо ээлтэй зөв хүн байгаарай.

“Дэлхий ертөнцийг чи ямар байгаасай гэж хүсэж байна, түүнийгээ л хий.”

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.