Монголын Тогтвортой Санхүүгийн форум 2021

Монголын Тогтвортой Санхүүгийн Форум 2021 (ТоС Форум) чуулган нь “Эерэг өөрчлөлтийг санхүүжүүлье!” уриан дор 7 дахь жилдээ биет болон цахимаар амжилттай зохион байгуулагдлаа. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн зүгээс ногоон эдийн засаг, жендэрийн хүрээнд дэмжин ажиллав. 

Парисын хэлэлцээр, Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр, НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг биелүүлэх эрүүл, аюулгүй, хүн байгальдаа ээлтэй ирээдүйг цогцлоход төр, хувийн хэвшил, олон улсын хамтын ажиллагаа, оролцоог өргөжүүлэн бэхжүүлэх зорилготойгоор Монгол Улсын банк, санхүүгийн салбарын бодлого тодорхойлогчид болон бизнесийн байгууллагууд, мэргэжилтнүүд, олон улсын байгууллагууд болон салбар салбарын удирдах түвшний төлөөлөгчид хуран цугларлаа. Чуулга уулзалтын хүрээнд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)-ийн захирал Б.Лакшми “Жендэрийн мэдрэмжтэй санхүүгийн салбар” дэд хэлэлцүүлэгт банк санхүүгийн салбар эмэгтэйчүүдэд хэр хүртээмжтэй үйлчилж, бизнес дэх эмэгтэйчүүдийн оролцоо ямар байгааг ярилцсан. Хэлэлцүүлгийн үеэр Жендэрийн Үндэсний хорооноос мэдээлснээр манай улсын эдийн засгийн салбарт эмэгтэйчүүдэд ээлтэй байх үзүүлэлт дунд байна.

Тогтвортой Санхүүгийн Форум 2021 арга хэмжээг нээн ТоС гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч М.Болдоо, Ерөнхий сайдын БОНХБ-ын зөвлөх М.Бадамлянхуа, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баярсайхан Европын Холбооноос Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд  Аксель Никэйз, ОУСК-ын Монгол дахь суурин төлөөлөгч Руфат Алимарданов болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин зохицуулагч Илэйн Конкиевич нар үг хэлсэн юм.

“ТоС Форум” арга хэмжээ нь тогтвортой санхүүжилтийн алсын хараа болон тогтвортой шилжилт гэсэн хоёр хэсэгт үйл ажиллагааг зохион байгууллаа. Тогтвортой шилжилт хэсгийн хүрээнд “Ногоон Санхүүжилт” хэлэлцүүлэг зохион байгуулж ногоон санхүүжилтийн эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэн цаашид илүү олон ногоон төсөл хөтөлбөрүүдийг төр хувийн хэвшил хамтын хүчээр дэмжин ажиллахыг хэлэлцсэн. Мөн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нээлтийн үеэр уур амьсгалын өөрчлөлт, түүний санхүү, эдийн засгийн салбарт нөлөөлөх нөлөөллийн талаар холбогдох судалгааг дурдан хүлэмжийн хийг бууруулахад дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

Тус арга хэмжээнд тогтвортой хөгжлийн зорилтын дагуу ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг бий болгоход анхаарах санал шийдэл болон зохицуулж буй арга туршлагын талаар илтгэл, хэлэлцүүлгүүд өрнүүллээ.

 

 

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.