"Ногоон эдийн засаг уу, ногоорсон эдийн засаг уу" хэлэлцүүлэг амжилттай болж өнгөрлөө

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ) нь "Ногоон эдийн засаг уу, ногоорсон эдийн засаг уу" хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн өмнө БОАЖЯ-ны Ногоон хөгжил, бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн С.Эрдэнэцэцэг "Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зорилт, түүний хэрэгжилт" сэдвээр, ЭЗБӨЧСТ-ийн судлаач Э.Золбаяр "Ногоон эдийн засгийн барометрийн судалгаа ба nogoonhutuch.mn танилцуулга" сэдвээр тус тус илтгэл тавьсан.

Хэлэлцүүлгээр Монгол Улсын ногоон эдийн засгийн хөгжил болон бодлогын асуудлын талаар БОАЖЯ, ҮХГ, МҮХААТ, Хас банк болон ТоС ТББ-н төлөөллүүд санал бодлоо солилцлоо. 

Чиглүүлэгч: Б.Лакшми, ЭЗБӨЧСТ-ийн ерөнхий захирал 
Тэргүүлэх оролцогчид:

  • Т.Булган, БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга
  • Ж.Должинсүрэн, ҮХГ-ийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга
  • М.Хосбаяр, МҮХАҮТ-ийн байгаль орчин, эрчим хүчний бодлого хариуцсан мэргэжилтэн
  • Б.Сарнай, Ногоон зээлийн сангийн мэргэжилтэн
  • Б.Батсанаа, Хасбанк эко-банкны хэлтэс ахлах мэргэжилтэн

Хэлэлцүүлгээс онцлоход:

Т.Булган: "Ногоон эдийн засгийн бодлогыг боловсруулахад оролцож ирсэн хүмүүс байгаа. Бодлого боловсруулахад дан ганц төрийн байгууллагын оролцоогоор биш, хүн бүрийн оролцоотойгоор, аль болох олон талын дуу хоолойг сонсож энэхүү бодлогын баримт бичгийг боловсруулдаг байгаа. Ялангуяа ТББ болон иргэний нийгмийн байгууллагууд сайн оролцсон"

Ж.Должинсүрэн: "Тогтвортой хөгжлийг бий болгоход төр нилээн далайцтай бодлого үйл ажиллагаагаа хооронд нь уялдуулж хөдлөх ёстой гэж харж байна. Салбар хоорондын бодлогоо зайлшгүй хийх ёстой. Аль салбарын юунд татварын хөшүүрэг хийх ёстой зэрэг гаргалгаанууд гарна. Салбарын яамдуудыг чадавхжуулах ёстой байна"

М.Хосбаяр: "МҮХАҮТ нь тогтвортой үйлдвэрлэлийг дэмжихээр тогтвортой үнэ цэнийг үйлдвэрлэх, ногоон бүтээгдэхүүнийг бий болгоход анхаарч ажиллаж ирсэн. Ногоон бүтээгдэхүүний гэрчилгээ, эко байгууллагын гэрчилгээг олгоод байна. Цаашдаа үйлдвэрүүдийн үр ашгийг дээшлүүлэх, байгальд ээлтэй техник технологи нэвтрүүлэхийг зорьж байна"

Б.Сарнай: "Өнгөрсөн онд Ногоон зээлийн сан GGGI болон МБХ хамтраад Уур амьсгалын ногоон сангаас санхүүжилт авсан. Санхүүжүүлэгчиддээ материалаа бэлдээд мөн хамтран санхүүжүүлэгч болох Монгол банк, арилжааны банкууд, БОАЖЯ ногоон зээлийн бүтээгдэхүүний хөгжүүлэлтэнд хамтран ажиллаж байна. 3 сардаа багтаад Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтэнд багтаад Хас банкаар дамжуулан санхүүжих мөн удирдах зөвлөлөөрөө хамтран ажиллах гэрээг батлуулах гээд ажиллаж байна. Батлуулж чадвал ирэх оноос зээлээ олгож эхлэнэ"

Б.Батсанаа: "2009 онд Эко банкны хэлтэс байгуулагдаад 2011 оноос үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн. 2016 онд Уур амьсгалын ногоон сангийн итгэмжлэгдсэн байгууллага болсон. Уур амьсгалын ногоон сан нь байгаль орчны уур амьсгалын талаарх төслийг санхүүжүүлэх зорилготой. Одоогийн байдлаар 10 тэрбум ам.долларыг татан төвлөрүүлсэн байгаа. Буцалтгүй тусламж, зээлийн эх үүсвэр, equity finance 3 чиглэлээр зээл олгож байна.  "

Мөн хэлэлцүүлгийн үеэр ЭЗБӨЧСТ nogoonhutuch.mn вэб сайтыг олон нийтэд танилцууллаа. Уг вэб сайт нь Монгол Улсын ногоон эдийн засгийн талаарх бүхий л мэдээллийг багтаасан мэдээллийн гүүр болох зорилготой юм. Хэлэлцүүлэгт оролцогчидоос ногоон эдийн засгийн талаар хангалттай мэдээлэл авч чаддаг хэмээн санал асуулга явуулахад 80% нь "үгүй" гэж хариулсан нь "nogoonhutuch.mn"-ний эрэлт, хэрэгцээг харуулж байна. 

nogoonhutuch.mn-ний агуулгыг зөвхөн ЭЗБӨЧСТ бэлдэхгүй бөгөөд ногоон эдийн засгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүхий л хувь хүн, байгууллагуудын бэлтгэсэн мэдээллийг (Судалгаа, хурал, семинар, нийтлэл, гэх мэт) зөвшөөрөл авч nogoonhutuch.mn дээр тавих юм. Тэгэхээр ногоон эдийн засгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, байгууллагуудыг бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.