"Монгол Улсын ногоон эдийн засгийн барометр 2018"

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ) болон Ногоон эдийн засгийн холбоо (НЭЗХ) хамтран Европын холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд “Монгол Улсын ногоон эдийн засгийн барометр 2018” тайланг хийж гүйцэтгэлээ.

Дэлхий даяараа ногоон, хүртээмжтэй эдийн засгийг цогцлоохыг зорьж буй. Монгол Улс ч мөн “Ногоон хөгжлийн бодлого”, “Тогтвортой хөгжлийн зорилт – 2030” зэрэг үндэсний хэмжээний бодлогын баримт бичгүүдийг баталж ногоон эдийн засагт шилжихийг зорьж байна.

Энэхүү тайлан нь Монгол Улсын ногоон эдийн засаг руу шилжиж буй өнөөгийн үйл явцыг дүгнэх зорилготой юм. Юуны түрүүнд ногоон эдийн засагт шилжих нь өнөөгийн эдийн засгаас олон давуу талыг бий болгоно. ЭЗБӨЧСТ-өөс бэлтгэн гаргасан “Монгол Улсын ногоон эдийн засгийн бодлогын дүн шинжилгээний тайлан”-гийн үр дүнгээс харахад 2030 он хүртэл жил бүр ДНБ-ний 4%-ийг ногоон хөгжилд хөрөнгө оруулбал одоогийн эдийн засгаас илүү тогтвортой өсөлттэй, бага ажилгүйдлийн түвшинтэй, бага ядууралтай, бага хүлэмжийн хий ялгаруулдаг эдийн засгийг бий болгох боломжтой юм.

Сүүлийн 30 жилд суурьшлын бүсийн хүн амын тоо 2 дахин өсөж хотжилтын асуудал, хотжилтыг дагаад агаар, хөрс, усны бохирдол, газар нутгийн 77,8% нь цөлжилтийн нөлөөнд автаж хөрсний доройтол ба цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайгаас үүдэлтэй хэдэн зуун нуур, гол горхи ширгэж усны хомсдол гэх мэт асуудлууд үүсээд байна. Эдгээр асуудлуудыг шийдэх ганц арга нь тогтвортой, ногоон эдийн засгийг хөгжүүлэх юм.

Дэлхийн ногоон эдийн засгийн индексээр Монгол Улс 80 улс орноос 79-д эрэмбэлэгдэж байна. Зөвхөн “Манлайлал”-ын үзүүлэлтээр “сайн” гэх үнэлгээг авсан нь төрөөс гаргасан олон бодлогын баримт бичгүүд мөн олон улсын гэрээ, конвенцуудад нэгдэснээс болжээ. Гэхдээ энэ нь гүйцэтгэл маш муу буйг давхар илтгэж байна.

Монгол Улс нь цаасан дээрх хууль тогтоомж болон түүний хэрэгжилтийн хооронд асар их ялгаатай байдгийн тод жишээ билээ. Шинэ бодлого, хуулиуд, олон улсын санал санаачилгуудад идэвхитэй оролцох нь шилжилтийн үед чухал байдаг ч дангаараа хангалтгүй юм. Энэхүү тайланд дурдагдсан ногоон эдийн засаг руу шилжих шилжилтийн ололт амжилт болон бэрхшээлүүдийг нэгтгэн дүгнэж, Монгол Улсын ногоон эдийн засаг руу шилжих үйл явцыг 10-аас 3 оноогоор дүгнэлээ.

Барометрийг татаж авах линк: http://www.nogoonhutuch.mn/nh/file

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.