"Хөршийн болзоо" уулзалт зохион байгуулагдав

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ) нь Ногоон эдийн засгийн холбоотой (GEC) хамтран 2018 оны 10-р сараас эхлэн гэр хорооллын иргэдэд тулгарч буй асуудлууд болон тэдгээрийн шийдлийг эрэлхийлэх зорилготой “Бидний оролцоот шийдэл” аянг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд 2018 оны 11-12 сард Чингэлтэй дүүргийн 9-р хорооны 6-р хэсгийн 54 өрхөөс ярилцлага авч, иргэдэд тулгарч асуудлуудыг тодорхойлох зураглалыг бий болгосон юм.  

Зураглалаар иргэдэд хөршийн холбоо, хамтын ажиллагаа маш чухал болох мөн иргэд цөөнгүй асуудлуудыг хамтраад шийдэх боломжтой гэж судалгааны баг дүгнэсэн. Ялангуяа Чингэлтэй дүүргийн 9-р хорооны 6-р хэсэгт 10 цагаан байр байдаг нь энгийн гэр хорооллоос ялгаатай юм. Нэг цагаан байранд 6-12 айл амьдардаг ба нэг айл дунджаар 15 м2 байранд амьдардаг учраас орчны бохирдлоос (нүхэн жорлон, угаадас, үнс, хог) эхлээд олон асуудал үүсдэг байна.

Улмаар хөршийн холбоог сайжруулах мөн хамтраад шийдэж болох ямар асуудлууд байгаа талаар хэлэлцэх зорилготойгоор 2019 оны 3-р сарын 06-ны өдөр 6-р хэсгийн иргэдийн дунд “Хөршийн болзоо” чөлөөт уулзалтыг зохион байгууллаа. 

Уулзалтад тус хэсгийн 25 иргэн хүрэлцэн ирсэн бөгөөд иргэдийг таван багт хуваасан. Баг тус бүр тулгамдаж буй асуудлуудынхаа талаар товч ярилцаад цаашдаа өөрсдөө хамтраад шийдэж чадах асуудлуудынхаа талаар нэг цаг орчим хэлэлцсэн юм. Улмаар баг тус бүр өөрсдийн ярилцсан, дэвшүүлсэн асуудлуудаа шийдэлтэй нь хамт тусгайлан бэлдсэн цаасан дээр тэмдэглэж бусад багууддаа танилцуулсан. Эцэст нь баг бүр зөвхөн нэг асуудлыг сонгон авч цаашид хамтдаа шийдэхээр болсон юм.  

Энэхүү уулзалт нь иргэдийн дэвшүүлсэн шийдлүүдийг бодитоор хэрэгжүүлэх олон ажлуудын эхлэл юм. ЭЗБӨЧСТ нь “Бидний оролцоот шийдэл” аянгаар дамжуулан баг тус бүрийг дэмжин хөршийн холбоог сайжруулж, иргэд хамтарч чадсанаар олон асуудлыг шийдэх боломжтой гэдгийг харуулсан бодит туршлагыг бий болгохыг зорьж байна. 

 

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.