Тэгш бус байдал

Тэгш бус байдал буюу өөрийн нийгмийн статус, эрх чөлөө, боломж бололцоог бусдаас ялгаатайгаар хүлээн авах явдал нь ямар ч нийгмийн шударга ёсны гол асуудал болдог. Зарим хүмүүс тэгш бус байдал хэмээх ойлголтыг зөвхөн орлогын хувьд тэгш бус байх хэмээн хүлээн авч байхад зарим нь зөвхөн боловсролын хувьд тэгш бус байх зэргээр хүн бүр ялгаатайгаар хүлээж авдаг. Харин судлаачид эдгээр зөрүү ойлголтууд гүнзгийрэн явсаар хоёр ухагдахуунд хуваагдана хэмээн үзжээ.

Эхнийх нь тэгш бус боломж буюу нас, хүйс, удам угсаа эсвэл нийгэм болон уур амьсгалын нөхцөл байдал зэрэг өөрөөс үл шалтгаалах хүчин зүйлсээс үүдэн өөрийн орлогыг өөрийнхөө сайн сайхан болон эрх чөлөөнд зарцуулж төдийлөн чадахгүй байгаа явдлыг хэлнэ.

Хоёр дахь ойлголт нь тэгш бус үр дүн буюу орлогын түвшин, боловсрол, эрүүл мэндийн байдал зэрэг хүний ая тухтай амьдралыг хангахад нөлөөлөх материаллаг шинж чанар бүхий зүйлс тэгш бус хуваарилагдах явдлыг хэлнэ. Хэдийгээр тэгш бус боломж нь маш чухал ч гэсэн тоогоор тодорхойлон хэмжихэд тийм ч амар зүйл биш билээ. Тиймээс энэ удаад Монгол дахь тэгш бус үр дүнгийн талаар товчхон танилцуулъя.

1990 оны зах зээлийн эдийн засагт шилжсэний дараа манай улсын хувьд орлогын тэгш бус байдал харьцангуй бага байгааг Жини коэффициент, Палма индекс зэрэг статистикийн үзүүлэлтээс харж болно.

Тэгш бус үр дүнгийн хувьд манай улс нь бусад улсуудтай харьцуулахад тийм ч ноцтой нөхцөлд байгаа орон биш юм. НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Томас Эриксонийн хийсэн судалгаагаар 1995 оноос 2012 оны байдлаар Монгол дахь баячуудын 20% нь нийт улсын хэрэглээний 40%-ийг, ядуучуудын 20% нь нийт хэрэглээний 7%-ийг ашиглаж байна. Сүүлийн 10 жилийн турш явагдсан эдийн засгийн тогтмол бус байдлыг үл харгалзан орлогын тэгш бус байдал өөрчлөлт багатай байгааг энд онцлон тэмдэглэх нь чухал юм.

Тэгш бус байдлыг тодорхойлох бас нэг чухал үзүүлэлт бол Палма индекс билээ. Палма индекс нь орлогын түвшин дэх хамгийн өндөр орлоготой хүмүүсийн 10%-ийг хамгийн бага орлоготой хүмүүсийн 40%-тай харьцуулснаар тооцдог үзүүлэлт юм. Монголын Палма индекс нь 1.6 буюу орлогын түвшин дэх хамгийн өндөр орлоготой хүмүүсийн 10% нь бага орлоготой хүмүүсийн 40%-аас 1.6 дахин их орлоготойг харуулж байна. Энэхүү үзүүлэлт нь төв Ази болон Зуун Европын орнуудад 1-1.3-ын хооронд хэлбэлздэг бол, Латин Америкийн орнуудад хамгийн ихдээ 3 хүрдэг байна.

Тэгш бус байдлыг хэмжих бас нэгэн үзүүлэлт нь Жини коэффициент  бөгөөд энэхүү үзүүлэлт нь 0-1 хооронд хэлбэлзэнэ. (0=бүрэн тэгш байдал, 1=бүрэн тэгш бус байдал). 2014 оны дэлхийн банкны дата судалгаагаар манай улсын хувьд Жини коэффициент нь 0.32 байсан ба энэ нь манай улсыг Хорват, Франц, Ирланд зэрэг улсуудтай адил түвшинд аваачиж байна.

Өмнө дурдсанчлан манай улсад орлогын тэгш бус байдал бага байгааг статистик үзүүлэлтүүд харуулж байна. 

Санал болгох
Тэгш бус байдал