Жижиг дунд үйлдвэрлэл

Монгол Улсын хэмжээнд 2018 оны байдлаар 170,166 аж ахуйн нэгж (ААН) Үндэсний статистикийн хороонд бүртгэлтэй байдаг ба үүний 85,749 ААН нь тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Жил бүр Монгол банкнаас “Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил, санхүүжилтийн байдал” түүвэр судалгааг бэлтгэн гаргадаг ба энэхүү судалгаанаас ЖДҮ-ийн өнөөгийн байдал, тулгарч буй гол бэрхшээлийг харах боломжтой.

Ногоон эдийн засаг болон ЖДҮ хэрхэн холбогддог вэ?

Ногоон эдийн засагт хүрэх хамгийн чухал хүчин зүйл бол жижиг дунд үйлдвэрлэлийг ногоон болгох явдал юм. “Ногоон эдийн засгийн холбооны олон улсын чуулга уулзалт 2017” Тринидад ба Тобаго улсад 2017 оны 11-р сарын 1-3-ны хооронд зохион байгуулагдсан бөгөөд чуулганы үеэр “Санта Круз”-ын тунхгийг зарласан. 

Энэхүү тунхаг нь бизнес, засгийн газар, иргэний байгууллагууд, орон нутгийн нийгэмлэгүүдийг НЭЗХ-той хамтарч ажиллахыг дэмжих зорилготой бөгөөд хамтарснаар:

  • Ногоон ЖДҮ-чидтэй хамтарч дэлхий даяар тогтвортой амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хүртээмжтэй ногоон эдийн засгийг бий болгох нийгмийн хөдөлгөөнийг байгуулна.
  • ЖДҮ-чдийг инноваци болон бүтээлч хөгжлийн хөдөлгүүр байхад дэмжлэг үзүүлнэ. 2040 он гэхэд дэлхийн эдийн засгийг чиглүүлэх ихэнх бизнесүүд одоо үүсээгүй байгаа. Тэдгээр бизнесүүд ЖДҮ хэлбэрээр одооноос үүсэх болно.
  • Бидний шууд болон шууд бус нөлөөгөөр ЖДҮ-ийн тогтвортой практик болон бизнес загваруудад нөлөөлөх системүүдийн талаар дахин авч үзэх боломжтой.

Ногоон эдийн засгийн шилжилтийг ногоон ЖДҮ түүчээлэх болно. ЖДҮ нь хурдан дасан зохицох чадвартай учир ногоон эдийн засгийн хөгжилд хурдан дасан зохицох боломжтой бөгөөд ажлын байрны чухал эх үүсвэр болох юм.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) ЖДҮ-г ногоон хөгжилд хөтлөх олон ажлыг хийж байна. 2017 онд МҮХАҮТ нь байгальд ээлтэй үйлдвэрлэл үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжин урамшуулах үүднээс "Тогтвортой үйлдвэрлэл, цэвэр үйлдвэрлэл"-ийн үнэлгээ сургалт, хууль эрх зүй, худалдаа үйлдвэрлэлийн хүрээнд байгальд ээлтэй бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашиг, бодлогыг хамгаалан төлөөлж, тулгарч буй асуудал бэрхшээлийг нэгтгэн төрийн бодлого, шийдвэр, хууль дүрэмд саналыг хүргүүлэх, түүнд нөлөөлөх зорилготой “Ногоон бизнесийн зөвлөл”, "Усны бодлогын зөвлөл", "Сэргээгдэх эрчим хүчний" зөвлөлийг байгуулсан. Мөн “Органик бүтээгдэхүүн”, “Ногоон буудал” зэрэг эко шошгыг шаардлага хангасан аж ахуй нэгжүүдэд олгож байна. 

Холбоос: Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим

ЖДҮ эрхлэгч нарт хамгийн тулгамдсан асуудал бол санхүүжилт билээ. Одоогийн байдлаар зарим байгальд үр ашигтай технологи бусад технологийг бодвол илүү өртөг өндөртэй байдаг учир ЖДҮ эрхлэгчдэд хямд санхүүжилтийн эх үүсвэр хэрэгтэй болдог. Энэхүү асуудлыг шийдэхээр Монголын банкны холбоо “Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр”-ийг санаачлан банкууд зээл олгохдоо тухайн компанийн үйл ажиллагаа хэр байгальд ээлтэй эсэхэд шалгуур тавьдаг болоод байна. Мөн “Ногоон зээлийн сан”-г санаачлан энэхүү сангаар дамжуулан байгальд ээлтэй ЖДҮ-үүдийг санхүүжүүлэхээр ажиллаж байна. Хас банк “Уур амьсгалын ногоон зээлийн сан”-гийн санхүүжилтээр байгальд ээлтэй ЖДҮ-ийг хямд эх үүсвэрээр санхүүжүүлж эхэлжээ.

Санал болгох