Монголын агаарын бохирдлын өнөөгийн байдал

Монгол Улсын хэмжээнд агаарын бохирдол нэн тулгамдсан асуудал болоод байна. Агаарын бохирдол нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж амьсгалын замын, зүрх судасны, харшлын өвчнүүд, төрөлхийн гажиг, хавдар зэрэг олон өвчнүүдийн тархалт, тохиолдлын түвшинг ихэсгэх, улмаар нөхөн үржихүйн эрүүл мэндийг хордуулах, хүүхдийн дархлаа, өсөлт хөгжлийг бууруулах нөлөөтэй байдгийг эрдэмтэд, судлаачдын хийсэн судалгааны дүн харуулж байна. Манай орны хувьд агаарын чанар 10 сарын сүүлээс эхлэн муудаж эхэлдэг.

Агаарын бохирдлын асуудал бий болсноос хойш Улаанбаатар хотын оршин суугчдын дунд амьсгалын замын өвчин асар хурдтай нэмэгдэж, 10,000 хүн тутамд амьсгалын замаар халдвар авах тохиолдлууд 2.7-дахин нэмэгдсэн.  Мөн өнгөрсөн 10 жилд агаарын бохирдлын нөлөөнд хүүхдүүд хамгийн ихээр өртөж байгааг тогтоосон. 

Агаарын бохирдолын өнөөгийн түвшин ямар байна вэ?

Монгол улсын нийт хүн амын бараг тал хувь нь оршин суудаг Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн агаарын бохирдол ихтэй нийслэл хотуудын нэг юм. Манай улсын агаарын бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын айл өрхүүдийн яндангийн утаа болон аж ахуйн нэгжүүдийн халаалтын зуухны яндангийн утаа 80 орчим хувь эзэлдэг бол тээврийн хэрэгслийн яндангийн утаа 10 хувь, дулааны цахилгаан станцын яндангийн утаа 6 хувь эзэлдэг байна. Улаанбаатар хотын нийт хүн амын 60 гаруй хувь гэр хороололд амьдарч байна.[1]

Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон тогтоол, 2020 онд Коронавируст халдварт цар тахлын улмаас нийслэлийн гэр хорооллын иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сайжруулсан шахмал түлшний нэг тонн тутмын үнийг 75 хувиар хөнгөлөх арга хэмжээг авсан. Дээрх тогтоол шийдвэрийн үр дүнд 2020 онд  агаарын бохирдлын хэмжээ багассан. Гэвч хотжилт огцом нэмэгдэж байгаа нь төлөвлөлтгүй суурьшлын бүсүүдийг бий болгох, хотод авто тээврийн хэрэгслийн тоо өмнөх оноос 8.5 хувиар өссөн гэх мэт олон хүчин зүйлсийн нөлөөллөөр 2021 онд Улаанбаатар хотын тодорхой цэгүүдэд агаарын бохирдлын хэмжээ нэмэгдсэн байна. [2] 

Жилийн хамгийн хүйтэн сарууд болох 12 сард PM2.5 бохирдлын өдрийн дундаж шоо метрт 687 микрограм хүрч байгаа нь ДЭМБ-ын зөвлөж буй аюулгүй төвшнөөс 27 дахин их байна. 

 


[1] НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр www.mn.undp.org

[2] Дэлхийн агаарын чанар, www.iqair.com

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.