Монгол Улсын Ногоон эдийн засгийн бодлогын хэмжүүр

Ногоон эдийн засгийг бий болгох нь цаасан дээрх бодлого, хийсвэр зорилтоос илүү түүнийг хэрэгжүүлж, тогтвортой сэтгэлгээ, хэрэглээ, үйлдлийг төлөвшүүлэх явдал юм. 

Бодлогын хэрэгжилтийг хангах хамгийн үр дүнтэй арга нь иргэний нийгмийн байгууллагуудын үр дүнтэй хяналт билээ. Харин иргэний нийгмийн байгууллагууд үр дүнтэй бодлогын үнэлгээ, хяналт явуулахад мэдээллийн ил тод байдал, бенчмарк шилдэг туршлага нэн шаардлагатай байна.

Иймд, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн (ЭЗБӨЧСТ) түнш байгууллага Ногоон эдийн засгийн холбооноос (НЭЗХ) иргэний нийгмийн байгууллагууд, судлаач, хувь хүмүүст зориулж ногоон эдийн засгийн бодлогыг хянахад туслах Ногоон эдийн засгийн хянагч вебсайтыг гаргаж 41 улсын ногоон эдийн засгийн бодлогын үнэлгээг цогц байдлаар гаргажээ.

Үнэлгээний арга зүй

Ногоон эдийн засгийн бодлогын үнэлгээг хийхдээ Засаглал, Санхүү, Салбарууд, Иргэд, Байгаль орчин гэсэн 5 чиглэлд, чиглэл тус бүрд 4 үндсэн ногоон эдийн бодлого болон нэмэлтээр КОВИД-19 цар тахлаас хэрхэн ногоон сэргэлт хийж байгаа тухай бодлого буюу нийтдээ 21 бодлогоор тооцдог. Бодлогын тусгасан байдлыг 1-5 онооны хооронд үнэлж ‘1’ оноогоор бодлогын төлөвлөгөөнд хангалттай тусгагдаагүйг, ‘5’ оноогоор сайн тусгасан байгааг илэрхийлж байна. Уг үнэлгээг бодлогын баримт бичиг, үндэсний шинжээчид, вебсайтын хэрэглэгчдийн оролцоо, мэдээлэл, саналд тулгуурлаж НЭЗХ-ны мэргэжилтнүүд гаргадаг.

Монгол Улсын ногоон эдийн засгийн бодлогын үнэлгээ

2021 оны 8-р сарын 19-ний өдөр шинэчлэгдсэн

Монгол Улс нь ногоон ажлын байраар дамжуулан ядуурлыг арилгах, хөрсний бохирдол, усны хомстлыг шийдвэрлэх, ногоон санхүүгийн цоо шинэ салбарыг бий болгох зэрэг эдийн засгийн шинэчлэлийн томоохон зорилтуудыг цаасан дээр буулгаж байна. Харин түүний хэрэгжилт, бодлогын уялдаанд анхаарах шаардлагатай байна. 

1. ЗАСАГЛАЛ

1.1 Үндэсний ногоон эдийн засгийн төлөвлөгөө

Шалгуур үзүүлэлт: 2050 он гэхэд хүлэмжийн хийг бууруулах тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийг цогцлоох үндэсний ногоон эдийн засгийн цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх бодлого

Үнэлгээ: 4 / 5

Тайлбар: 2014 оны Ногоон хөгжлийн бодлогод 2030 он гэхэд эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний бүрдүүлэх хэмжээг 30 хувьд хүргэх, барилгын дулааны алдагдлыг 40 хувиар бууруулах, хүн амын 90 хувийг баталгаат ундны усаар хангах зэрэг 14 шалгуур үзүүлэлт, зургаан стратегийн зорилтуудыг тусгасан. Түүнчлэн Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал болон Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиар байгаль орчин, эдийн засаг, нийгэм гэсэн гурван тулгуурт тогтвортой хөгжлийн үндэсний үзэл баримтлалыг тодорхойлсон. Харин эдгээр баримт бичгүүдийн  хэрэгжилт нь тулгамдсан асуудал билээ.

1.2 Хүртээмжтэй засаглал

Шалгуур үзүүлэлт: Шийдвэр гаргалтад ажилчдын оролцоог хангадаг хувийн болон төрийн байгууллагын хүртээмжтэй, жендэрт мэдрэмжтэй засаглал

Үнэлгээ: 3 / 5

Тайлбар: Иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангах тухай бодлогод тусгах ажил явагдаж байгаа. Ажлын байр, төрийн бодлого зэрэг бүх салбарт жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжид тусгах ажил явагдаж буй бөгөөд Ерөнхий сайдаар ахлуулсан Жендэрийн үндэсний хороо үйл ажиллагаа явуулж байна. Компанийн засаглалд ажилчдын оролцоог хангах зорилтот бодлого байхгүй.

1.3 Тогтвортой бизнесийг дэмжих стратеги

Шалгуур үзүүлэлт: НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд хувь нэмэр оруулж буй аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих үндэсний стратеги

Үнэлгээ: 3 / 5

Тайлбар: Ногоон хөгжлийн бодлогод хувийн хэвшлийг дэмжих хэсэг тусгагдсан боловч ТХЗ-ыг биелүүлэхэд хувь нэмэр оруулж буй бизнесийг дэмжих ерөнхий стратеги байхгүй. 

1.4 Баялгийн засаглал

Шалгуур үзүүлэлт: Хүн, нийгэм, байгаль, санхүүгийн/биет бүх төрлийн капиталыг харгалзсан үндэсний баялгийн цогц тогтолцоо

Үнэлгээ: 2 / 5

Тайлбар: Ногоон хөгжлийн бодлогод байгалийн капитал, нийгэм эдийн засгийн хөгжил дэх байгалийн хувь нэмрийн тухай дурджээ. Гэхдээ одоогоор хэрэгжилт нь тодорхойгүй байна.

2. САНХҮҮ

2.1 Ногоон санхүүжилтийн төлөвлөгөө

Шалгуур үзүүлэлт: Тогтвортой санхүүгийн шинэчлэлийг нэн тэргүүнд тавьж төр, хувийн хэвшлийн урт хугацааны хөрөнгө оруулалтыг дэмжих илүү тодорхой хөшүүргийг бий болгох бодлого

Үнэлгээ: 4 / 5

Тайлбар: 2013 онд эхлүүлсэн Монголын Тогтвортой Санхүүжилтийн Санаачилга нь ногоон санхүүжилтийн замналыг амжилттай тодорхойлсон бөгөөд үүний үр дүнг Ногоон хөгжлийн бодлогод тусгаж үндэсний эдийн засагт нэвтрүүлэхийг зорьж байна. Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд ногоон зээлийн санг байгуулах, зохицуулалтын байгууллагуудыг бэхжүүлэх, шинэ хөшүүргийн механизм болон сэргээгдэх эрчим хүч, уул уурхайн нөхөн сэргээлт, тогтвортой хөрөнгө оруулалтыг дэмжих шинэ хууль тогтоомж зэрэг багтсан.

2.2 Ногоон сангийн болон мөнгөний бодлого

Шалгуур үзүүлэлт: Засгийн газрын төсөв, төсвийн зарцуулалт болон мөнгөний бодлогын тогтвортой байдлыг үнэлж уг үнэлгээнд үндэслэсэн байгаль орчны системийн эрсдэлийг бууруулах сангийн болон мөнгөний бодлого

Үнэлгээ: 3 / 5

Тайлбар: Төрөөс байгаль орчныг нөхөн сэргээх зорилготой хөрөнгө оруулалтын зарим татаас, төсвийн урамшуулал хэрэгжүүлдэг. Ногоон хөгжлийн бодлогод тогтвортой татвар, зээл, хөрөнгө оруулалтын тухай тусгасан боловч мөнгөний бодлогод бодитоор тусгагддаггүй. Засгийн газрын худалдан авах үйл ажиллагааг илүү ногоон болгох дүрэм төлөвлөлтийн шатандаа явж буй.

2.3 Найдвартай,  хариуцлагатай банк

Шалгуур үзүүлэлт: Банк, санхүүгийн байгууллагуудын нийгэм дэх аюулгүй үйлчилгээг хангах зорилготой санхүү, байгаль орчин, нийгмийн хүчин зүйлүүдээрх стресс тест, хяналтын тогтолцоо

Үнэлгээ: 2 / 5

Тайлбар: Монголбанк, ОУВС-аас Монголын банкны салбарт тодорхой түвшинд стресс тест хийсэн ч санхүүгийн салбарын стресс тест, хяналтын тогтолцоо нь хараахан системтэйгээр тогтоогүй байна. Одоогийн стресс-тестүүдэд байгаль орчин, цаг уурын эрсдэлтэй хүчин зүйлсийг тусгаагүй.

2.4 Нүүрстөрөгчийн үнэ

Шалгуур үзүүлэлт: Үндэсний болон бүс нутгийн түвшинд нүүрстөрөгчийн татвар эсвэл нүүрстөрөгч ялгаруулах зөвшөөрлөөр дамжуулан нүүрстөрөгчийн үнийг мэдэгдэхүйц, таамаглахуйцаар нэмэгдүүлэх бодлого

Үнэлгээ: 1 / 5

Тайлбар: Нүүрстөрөгчийн үнийн бодлого, нүүрстөрөгч ялгаруулах зөвшөөрөл эсвэл үүнтэй төстэй бодлого байхгүй.

3. САЛБАРУУД

3.1 Ногоон салбарын бодлогын төлөвлөгөө

Шалгуур үзүүлэлт: Эдийн засгийн тэргүүлэх салбаруудаар ногоон эдийн засгийн бодлогыг боловсруулж зохицуулах бие даасан, салбар дундын байгууллага

Үнэлгээ: 3 / 5

Тайлбар: Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо нь эдийн засгийн тэргүүлэх салбаруудад чиглэсэн ногоон эдийн засгийн бодлого боловсруулдаг. Уг хороо нь ногоон бүтээн байгуулалт, уул уурхайн үйлдвэрлэлийн ил тод байдал, хариуцлагын тогтолцоо, байгаль орчны нөхөн сэргээлт, тогтвортой хөдөө аж ахуй, эко аялал жуулчлал зэрэг асуудлуудын хүрээнд холбогдох салбарын бодлогод 70 хүртэлх нарийвчилсан төлөвлөгөөг тусгасан боловч эдгээр бодлого төлөвлөгөөнд салбар хоорондын уялдаа холбоо хангалттай байхгүй байна.

3.2 Жижиг бизнесийн дэмжлэг

Шалгуур үзүүлэлт: Ногоон, тогтвортой бизнес моделтой ЖДҮ, аж ахуйн нэгж, байгууллагуудад чиглэсэн эрх зүй, санхүү, сургалт, зохицуулалтын дэмжлэг

Үнэлгээ: 3 / 5

Тайлбар: Ногоон, тогтвортой бизнес моделтой ЖДҮ-д чиглэсэн чадавх хөгжүүлэх сургалт, хөнгөлөлттэй зээл, түрээсийн хөнгөлөлт зэрэг дэмжлэг үзүүлдэг. Нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжих тодорхой эрх зүйн үндэслэл байхгүй. 

3.3 Нүүрстөрөгчийн төсөвлөлт

Шалгуур үзүүлэлт: Дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд барих зорилго, Парисын хэлэлцээрийн хэрэгжилтэд оруулах үндэсний хувь нэмрийн зорилтод нийцсэн нүүрстөрөгчийн ялгарлын хэмжээг бууруулах хууль ёсны төсвийн хэрэгжилт

Үнэлгээ: 1 / 5

Тайлбар: Нүүрстөрөгчийн ялгарлын хэмжээг бууруулах  төсвийн бодлого хэрэгжүүлдэггүй бөгөөд хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулаагүй байна.

3.4 Цэвэр эрчим хүчний бодлого

Шалгуур үзүүлэлт: Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх дунд болон урт хугацааны зорилтуудыг баталж, түүнд тохирсон цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт

Үнэлгээ: 3 / 5

Тайлбар: 2007 онд баталсан Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиар 2030 он гэхэд эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 30 хувь хүртэл нэмэгдүүлэх зорилт дэвшүүлж уг зорилтыг хэрэгжүүлэх гурван үе шатыг баталсан бөгөөд сэргээгдэх эрчим хүчний технологи, тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх тухай заасан. Гэвч уг зорилт нь урт хугацааны төлөвлөлтгүй, харьцангуй бага амбицтайгийн дээр төрөөс цөмийн эрчим хүчийг илүүд үзэх хандлагатай байдаг зэргээс үүдэн Монгол Улс нь нарны эрчим хүчний баялаг нөөцөө одоо хүртэл хангалттай түвшинд ашиглаж чадахгүй байна.

4. ХҮМҮҮС

4.1 Ногоон ажлын байр

Шалгуур үзүүлэлт: Ногоон ажлын байр, ногоон амьжиргааны эх үүсвэрийг бий болгоход төрөөс үзүүлж буй дэмжлэг

Үнэлгээ: 4 / 5

Тайлбар: Ногоон хөдөлмөр эрхлэлтээр дамжуулан нийгмийн тэгш байдлыг хангах, ядуурлыг бууруулах нь Ногоон хөгжлийн бодлогын үндсэн зургаан зорилтын нэг билээ. Түүнчлэн ногоон ажлын байрын тухай болон уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны нөхөн сэргээлт, байгалийн гамшиг, ээлтэй амьдралын хэв маяг зэрэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж буй талуудыг дэмжих 36 үйл ажиллагааг Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд дэлгэрэнгүй тодорхойлсон байдаг.

4.2 Ядуу хүн амыг дэмжих бодлого

Шалгуур үзүүлэлт: Байгаль орчныг хамгаалахын зэрэгцээ нийгмийн тэгш бус байдал, эдийн засгийн гадуурхлыг бууруулах ядуу хүн амд чиглэсэн нэгдсэн бодлого

Үнэлгээ: 2 / 5

Тайлбар: Төрөөс ядуу, эмзэг бүлгийн хүн амд чиглэсэн мөнгөн тусламжийг олгодог. Нийгмийн халамж, мэргэжлийн сургалтыг үе шаттайгаар нэмэгдүүлж 2030 он гэхэд ядуурал, орлогын тэгш бус байдлыг бүрэн арилгах зорилт дэвшүүлсэн. Харин байгаль орчинг хамгаалж, ядуурлыг бууруулах нэгдсэн ерөнхий стратеги байхгүй.

4.3 Оролцоотой бодлого боловсруулалт

Шалгуур үзүүлэлт: Эмэгтэйчүүд, нийгмээс гадуурхагдсан бүлэгт чиглэсэн ил тод, иж бүрэн, оролцоотой төрийн бодлогын үнэлгээ

Үнэлгээ: 3 / 5

Тайлбар: Төрийн бодлогын үндсэн зорилго нь ил тод, нээлттэй засгийн газрыг бий болгох. Жендэрийн тэгш байдлыг хангах хүчтэй хууль тогтоомжтой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхэдтэй эхчүүд, өндөр настан болон бусад эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн тодорхой бодлоготой. Гэвч төрийн бодлогын ил тод, иж бүрэн, оролцоотой байдалд үнэлгээ, зөвлөгөө өгөх журам нь бүрхэг байдаг.

4.4 Шинэлэг нийгмийн хамгаалал

Шалгуур үзүүлэлт: Нийгмийн хамгаалал, суурь орлого, иргэдийн өмчлөлийн шинэ аргачлалуудыг турших замаар ногоон эдийн засаг дахь иргэдийн оролцоог дэмжих стратеги

Үнэлгээ: 1 / 5

Тайлбар: Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд нийгмийн халамжийн хэд хэдэн шинэ хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ эдгээр нь нийгмийн хамгааллын санаачилгад инноваци хийхээс илүүтэй нийгмийн даатгал, мэргэжлийн сургалт, бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг уламжлалт нийгмийн халамжийн санаачилгууд юм.

5. БАЙГАЛЬ

5.1 Далай ба газрын хамгаалалт

Шалгуур үзүүлэлт: ТХЗ-ын 14, 15 зорилтуудаас үндэсний хэмжээнд хамааралтай зорилтуудад хүрэх бодлого, хэрэгжүүлэх стратеги болон тогтмол хэрэгжилтийн явцын үнэлгээ

Үнэлгээ: 3 / 5

Тайлбар: Газар нутгийг нөхөн сэргээх үндэсний иж бүрэн стратегийг мөрдөж байгаа ч уг стратеги нь ТХЗ-уудтай холбоогүй. 2030 он гэхэд цэвэр усны нөөцийн 60 хувийг хамгаалалтад авах, үйлдвэрийн эвдрэлд орсон газрын 70 хувийг нөхөн сэргээх, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, цөлжилт, ган гачгаас урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүдийг гаргасан. Монгол Улс нь далайд гарцгүй тул ТХЗ-ын 14-р зорилт нь хамаарал багатай.

5.2 Байгалийн хөрөнгийн данс

Шалгуур үзүүлэлт: Байгаль орчны нийгэм, эдийн засаг, дэлхийн байгальд үзүүлэх үнэ цэнийг тодорхойлох байгалийн капиталын иж бүрэн тооцоо

Үнэлгээ: 3 / 5

Тайлбар: Үндэсний хэмжээнд байгалийн хөрөнгийн өргөн хүрээтэй, нарийвчилсан үнэлгээ хийсэн. Засгийн газар байгалийн баялгийг илүү өргөн хүрээнд авч үзэж байгалийн үзүүлэлтүүдийг үндэсний хөгжлийн үзүүлэлтэд тусгах бодлого баримталж байна.

5.3 Байгалийн хөрөнгийн хороо

Шалгуур үзүүлэлт: Төсөв, төлөвлөлт, дэд бүтцийн шийдвэрийн байгальд үзүүлэх нөлөөллийн талаар зөвлөх чиг үүрэгтэй, байгалийн хөрөнгийн асуудлаар засгийн газарт мэргэжлийн зөвлөгөө өгөх бие даасан байгууллага

Үнэлгээ: 1 / 5

Тайлбар: Байгалийн хөрөнгө эсвэл биологийн олон янз байдлын засаглалын комисс эсвэл хороо одоогоор байхгүй байна.

5.4 Байгальд суурилсан төсвийн шинэчлэл

Шалгуур үзүүлэлт: Тухайлсан байгалийн хөрөнгийн төсвөөр дэмжигдсэн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх тогтвортой бодлого

Үнэлгээ: 3 / 5

Тайлбар: Байгаль орчны зарим татварыг мөрддөг боловч голдуу уул уурхай, боловсруулах салбарт чиглэсэн байдаг. Орон нутгийн засаг захиргаа байгалийн нөөц ашигласны төлбөр авдаг бөгөөд үүний 50 хувийг байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд зарцуулах ёстой.

6 КОВИД-19 цар тахлын ногоон сэргэлт

Шалгуур үзүүлэлт: Эдийн засгийн салбаруудыг илүү ногоон, уян хатан, хүртээмжтэй горимд шилжүүлэх бүтцийн шилжилтийг КОВИД-19 цар тахлыг даван туулах, эдийн засгийг нөхөн сэргээх багц хөтөлбөрүүдээр дамжуулан хэрэгжүүлэх ногоон нөхөн сэргээлтийн бодлого

Үнэлгээ: 1 / 5

Тайлбар: Монгол Улс КОВИД-19 цар тахал гарахад урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрт, чанд хатуу авч, улс орон даяар хатуу хөл хорио тогтоож, БНХАУ-тай хиллэдэг бүх хилийн боомтоо хааж, олон улсын бүх аяллыг түр зогсоосон. Энэхүү арга хэмжээ нь цар тахлын хамгийн аюултай нөхцөлөөс зайлсхийхэд тусалсан ч экспортыг хязгаарласны дээр дэлхийн түүхий эдийн эрэлт огцом буурсантай холбогдож уул уурхайд тулгуурласан эдийн засгийг уналтад оруулсан. ОУВС-гийн мэдээлснээр 2020 онд Монгол Улсын засгийн газар 1.4 тэрбум ам.доллар буюу улсын ДНБ-ий 10.3 хувь давсан төсвийн урамшууллыг олгосон бөгөөд энэ нь сүүлийн хэдэн жилийн төсвийн ашгийг бууруулж, засгийн газрын өрийг өсгөсөн.

 

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.