Хөрсний бохирдол судлаачидтай уулзан ярилцлаа

Хөрсний бохирдолын эсрэг аяны хүрээнд ЭЗБӨЧСТ нь холбогдох судлаачидтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтанд МУИС-ын Хүрээлэн буй орчин судлал, химийн инженерчлэлийн тэнхим болон Шинжлэх ухааны академийн Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн судлаачид оролцлоо. Уулзалтын хүрээнд хөрсний бохирдлын өнөөгийн нөхцөл байдал, учир шалтгаан, хууль эрхзүйн байдал болон бууруулах арга замууд зэрэг өргөн сэдвийн хүрээнд ярилцав.

Судлаачид юуг онцлов:

 

НӨХЦӨЛ БАЙДАЛ

► Улаанбаатарын хөрс нь агаартай ижил түвшинд бохирдсон байна

► Улаанбаатар хотын хувьд хөрсний нянгийн бохирдол их байна

► Хүнд металлын бохирдол цэгэн буюу хэсэг, хэсэг жижиг газруудад илэрч байна. Ялангуяа “Харгиа” цэвэрлэх байгууламжийн орчим хүнд металлаар их бохирдсон байна.

► Шинжлэх ухааны академиас Улаанбаатар хотын 340 цэгээс шинжилгээ хийж үзэхэд бохирдолгүй хөрс байгаагүй ба цэг бүрийн бохирдолын түвшин өөр, өөр байсан. 2011 оны судалгаагаар нийт авсан хөрсний дээжийн 72% нь нянгийн бохирдолтой байсан бол 2014 онд дахин тухайн газруудаас шинжилгээ авахад 88% болж өссөн байна.

 

Судалгаа: Улаанбаатар хотын хөрсний бохирдол

 

ШАЛТГААН

► Хөрсний бохирдолыг үүсгэж буй хамгийн том эх үүсвэр нь яах аргагүй гэр хороолол байна. Тэр дундаа ил жорлон нь нянгийн бохирдолыг үүсгэж шууд болон агаараар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Мөн гэр хорооллын ихэнх айлууд уул дагуу, уруу газар байрладаг. Үүнээс болж өвлийн улиралд машин өгсөх хүндрэл үүсэж улмаар айлууд үнсээ зам дээр асгадаг байна. Ингэж хаясан үнс нь хөрс, ус болон агаарыг бохирдуулж маш хор уршигтай байдаг.

► Арьс, ширний үйлдвэрүүд хүнд металлын бохирдолыг үүсгэдэг. Энэ нь хөрсний гүнийг бохирдуулж улмаар ундны усанд нөлөөлдөг. Хамгийн ноцтой нь хүний удамшилд сөргөөр нөлөөлдөг байна.

► Авто засварын газрууд хөрсний бохирдолыг үүсгэдэг.

► Агаарын бохирдол хөрсний бохирдолыг нэмэгдүүлдэг. Үүнтэй адилаар хөрсний бохирдол нь мөн агаарын бохирдолыг нэмэгдүүлдэг байна.

 

→   Судалгаа: Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хөрсний бохирдолын судалгааны зарим үр  дүн

 

ЦААШИД ХИЙХ ЁСТОЙ ЗҮЙЛС

► Монгол Улсад хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх хууль, тогтоомж байдаг. Гэхдээ тус хуулинд хариуцлагын тогтолцоо байдаггүй. Мөн хот, суурин газрын хөрсний бохирдолд чиглэсэн зүйл заалт бараг байдаггүй. Тэгэхээр хөрсний бохирдолыг бууруулах, үүнтэй тэмцэх хууль эрх зүйн орчинг бий болгох хэрэгтэй байна. Ялангуяа тухайн хот, аймаг нь өөрсдийн дүрэм, журамыг тогтоох нэн шаардлагатай.

► Олон нийтийн мэдлэг, мэдээллийг сайжруулах хэрэгтэй. Ихэнх иргэд маань хөрсний бохирдолын талаар ямар нэг ойлголтгүй байна. Ил задгай үнс, хог хаягдалаа хаях, шээх, задгай жорлон зэрэг нь хөрсийг бохирдуулж эргээд иргэдийн эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлж буйг тэр бүр хүмүүс мэдэхгүй байна. Ялангуяа цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд байгаль орчны бохирдолын талаарх мэдлэгийг олгох ажлыг нэн тэргүүнд хийх шаардлагатай.

►​​​​​​​ Ойрын хугацаанд бид хөрсний бохирдлыг бууруулна гэдэг маш хэцүү. Тийм учир цаашид хөрсний бохирдолыг улам ихэсгэхгүй байх арга хэмжээг авах хэрэгтэй.

►​​​​​​​ Хөрсний бохирдлын нэвчилт, тархацын судалгаа хийх шаардлагатай. Улаанбаатар хотын хувьд ийм өргөн хэмжээний хөрсний судалгаа хийгдэж байгаагүй. Хамгийн өргөн хүрээнд хийгдсэн судалгаа нь ШУА-ийн 340 цэгээс дээж авсан судалгаа юм.

 

1 сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
  • иш чааваас 340 хөн цэг

    иш чааваас 340 хөн цэгийг их цэг гэчихжээ. Тэгээд дүгнэлтийг сайн хийж чадахгүй байна. УБ хотод бол бүр жалга бүрээс сорьц авах хэрэгтэй. Геологийн судлаачдыг оролцуулаач тэд геохимичийн зааварчилгаар14 хоногт л 10000 хөрсний сорьцыг маш сайн аргачлалаар авна.

    2019-08-31 хариулах