"Өвөл"-ийн бохирдол: Нүүрсний утаа үнэртсэн нүүдэлчид

Аргалын утаа үнэртсэн малчны гэрт төрдөг цаг аль хэдийн бидний ард хоцорчээ. Харин одоо бид нүүрсний утаа үнэртсэн нүүдэлчдийн гэрт л төрдөг болж дээ. Ер нь аргалын утаанаас нүүрсний утаа руу хэзээ шилжсэнийг Та бүхэн санаж байна уу? Утаандаа угаардсаар байгаад ой санамж муудсан уу үгүй юу хэзээнээс Азийн цагаан дагина маань саарал утаагаар биеэ “чимдэг” болсон бол?

Заримдаа Улаанбаатар хот маань яг л үлгэрт гардаг атгаалжин хар мангасын хараалд өртсөн улс шиг санагдах юм. Хэрвээ бид агаарын бохирдлыг аймшигт хар мангас гэж төсөөлбөл, энд тавигдах хамгийн том асуулт нь мангасыг хэн дарах вэ гэдэг болох байх. Хүдэр сайхан биетэй, хүлэг хурдан морьтой, оюун ухаан саруул баатар ирээд биднийг аварна гэж бид хүлээгээд суух уу? Эсвэл амьд хүн аргатай гэдэгчлэн өөрсдөө нэг арга бодох уу? ЕР НЬ БИДНИЙГ ХЭН АВРАХ ВЭ?

Аврагчийн тухай ярихаас өмнө, агаарын бохирдлыг өөр нэгэн өнцгөөс сөхөөд харъя.

Одоо бүр өвөл гэх нэрийнх нь сургаар хоолой хорсож нүд арган, шүүлтүүртэй сайн маск хаанаас авах вэ л гэж бодогдох юм. Гэтэл улирлын чанартай энэ “зовлон” эх хүний нүдээр хэрхэн харагддаг бол? Цонхны цаанаас дайны талбар мэт утаа униар суунаглан байх энэ хотыг хараад ээжүүдийн санаа юунд зовдог бол?

Үүний хариултыг олохоор бид Фэйсбүүкийн ээжүүдийн нэгэн группээс агаарын бохирдол танд болон танай гэр бүлд нийгмийн ямар асуудлуудыг дагуулж байгаа талаар санал асуулга явуулсан юм. Үүний үр дүнг Та доорх зургаас харна уу.

Зургийн эх сурвалж: НҮБ Хүүхдийн сан

Уг санал асуулгаас харахад ээжүүдийн толгойг хамгийн ихээр гашилгасан 2 асуудлууд нь стресс, сэтгэл зовнил болон утаанаас үүдэх эрүүл мэндийн зардал байгаа юм. Энд анхаарал татахаар нэг зүйл ажиглагдсан нь сэтгэл зовнил, стресс, бухимдал зэрэг сэтгэл зүйн асуудлууд санхүүгийн асуудалтай ижил хэмжээний түвшинд очиж байгаа явдал байлаа. Агаарын бохирдлын хор нөлөө, бие мах бодийн эрүүл мэнд, хөрөнгө санхүүд шууд нөлөө үзүүлдэг ч сэтгэл зүйн эрүүл мэндэд ч бас шууд болон шууд бусаар нөлөөлж байгаа гэсэн дүгнэлтийг үүнээс харж болох мэт. Түүнчлэн нялх хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө гэр бүлийнхээ харилцааг золиослон Улаанбаатар хотоос “дүрвэн” зугтахаас аргагүйд хүрсэн ээжүүдэд гэр бүлийн асуудлууд их биш ч тодорхой хэмжээгээр гардаг гэдгийг санал асуулгад оролцогчид маань хэлжээ.

Энэ талаар тодруулахаар агаарын бохирдол өрхийн санхүү болон ээжүүдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар ээжүүдээс авсан ярилцлагаа нэгтгэн хүргэе.

Бид энэхүү нийтлэлдээ 2 ээжийг урьж оролцуулсан билээ. Эхний ээж болох Гэрэл* маань залуу гэр бүлийн төлөөлөл болохуйц 25 настай, нөхөр болон 11 сартай нэг хүүтэйгээ амьдардаг бүсгүй юм. Өнгөрсөн жилийн 12 дугаар сард хотын утаанаас зугтаж, хөдөө амьдардаг аав ээж дээрээ очиж амаржсан тэрбээр бидэнтэй уулзан ярилцаж, бага ч болов сэтгэлээ хуваалцахдаа талархалтай байгаагаа илэрхийлсэн юм. Харин хоёр дахь ээж болох Сарнай* маань идэр 35 настай нэгэн бөгөөд гэр бүл, карьерийг амжилттайгаар хослуулан яваа 3 хүүхэд, нөхрийн хамт амьдардаг бүсгүй билээ. Ингээд 2 ээжийнхээ ярилцлагыг элдэв давс хачиргүйгээр Та бүхэнд хүргэе.

* Нэрийг нь өөрчлөв.

Санхүү

Гэрэл:

"Гадаах утааг бууруулахын тулд бид нарын зүгээс авч чадах арга хэмжээ байхгүй учраас дөнгөж төрсөн нялх хүүхдэдээ би агаар цэвэршүүлэгч худалдаж авсан. Гэхдээ агаар цэвэршүүлэгч судлахаар гайгүй сайн нь маш үнэтэй. Энэ бол залуу гэр бүлийн хувьд хэцүү асуудал. Манай нөхөр бид 2 аав ээжээс хамааралтай биш, өөрсдийнхөө цалингаар амьдардаг. Ядаж байхад нэг нь л ажилтай. Нэг хүний цалингаар амьдраад дээр нь агаар цэвэршүүлэгч авна гэдэг асуудалтай байсан. Тэгээд ер нь бол боломжийн үнэтэй, Хятад л агаар цэвэршүүлэгч авч байгаа юм л даа.  

Яахав үр дүн нь сэтгэлд л өег юм. Надад өөрт бол мэдэгдэж байгаа юм байхгүй.

Утааны эсрэг маск хүүхдэдээ зүүлгэж байлаа. Манай хүү маскаа зулгаагаад л, уурлаад л. Тэгээд маск авахаас өгсүүлээд л, шүүлтүүрийг нь ойр ойрхон солино гээд л зардалтай шүү дээ.

Миний сонссоноор зардал багатай, агаар нь цэвэрхэн орон руу ээжүүд хүүхдээ дагуулаад өвлийн 2, 3 сар явдаг. Яагаад гадагшаа явмаар байгаа гэхээр Монголд үе үе амралтын газар руу яваад хүүхдээ салхилуулахад нэг хүний доод тал нь 75,000-100,000 төгрөг болж байгаа юм. Цаашлаад болж өгвөл давтамжаа ойртуулж амралт руу олон явахаар зардал нь бараг гадаад явсантай ойролцоо, дүндээ дүн гардаг."

Сарнай:

"Миний зүгээс хийж чадах зүйл бол гэрийнхээ агаарыг л цэвэрхэн байлгах. Тэгээд хагас, бүтэн сайнд амралтын өдрүүдээр хүүхдүүдээ хааяа ч болов цэвэр агаарт гаргах, зуны хэдэн саруудад лагерт гаргах арга хэмжээ л авч байна.

Анх агаар цэвэршүүлэгч Монголд орж ирж байхад Солонгос цэвэршүүлэгч авсан. Одоо өөрийг хэрэглэж байгаа. Ойролцоогоор 400,000 төгрөгөөр худалдаж авсан.

Ээжүүд өвлийн цагаар гадаад явдаг гэж би сонссон. Твиттер дээр бичсэн байсан. Таиландад очоод амьдрахад сарын 1000 доллар бил үү 3 сард 1000 доллар билүү. Миний хувьд энэ бол ямар ч боломжгүй арга. Манай том хүүхэд сургуульд явж байна. Тэрнийхээ хичээлийг яах уу? Тэгэхээр олон хүүхэдтэй хүний хувьд хэцүү. Тэгэхээр яаж ийж байгаад Монголдоо болгоод л амьдраад байгаа шүү дээ."

Гэр бүлийн асуудлууд

Гэрэл:

"Би өвлийн улиралд утаанаас холдож ойр ойрхон аав ээжийнх рүүгээ хүүхдээ аваад явдаг. Гэр бүл болж л байгаа юм чинь хамт байх хэрэгтэй. Тийм учраас удаан хол байж болдоггүй. Хоёр долоо хоногтоо энд өнжөөд, долоо хоног болгон ч юмуу ер нь тэгж явдаг. Хүүхдийнхээ эрүүл мэндийг бодож л тэсэж хол явж байгаа болохоос гэр бүл зохиогоод, хамт амьдарна, хамт бүх асуудлаа үүрнэ, хүүхдээ өсгөнө гэсэн мөртлөө утаанаас болоод хол байна гэдэг хэцүү. Тэгээд яахав аваад явж байгаа бид нарт ч хэцүү, энд үлдэж байгаа аавуудад ч хэцүү. Аавын хайр халамжгүй өсөж буй хүүхдүүдэд ч хэцүү.

Намайг хөдөө байхад манай хүн хааяа над дээр ирдэг байсан. 5 дахийн орой вагонд сууна. Тэгээд хагас сайны өглөө хөдөө очно. Хагас сайнд өнжөөд бүтэн сайнд буцаад гарах болно. Ингэхээр манай хүний бие нь ч ядарна, зардал ч ихтэй. Тэгээд хол удаан байсны дараа хүүхэд дээрээ ирэхээр бараг л ахын дүү гэж дуудах нь холгүй."

Сарнай:

"Нялх хүүхдээ бодоод том хүүхдээ нөхөртэйгөө үлдээгээд багуудаа аваад ийш тийшээ явдаг ч юмуу, хөдөө гадаа явахыг би бол дэмийн л гэж бодож байна. Бүр үнэхээр эмнэлэгт хэвтээд байвал магадгүй хүүхдийнхээ амийг аврахын төлөө тийм алхам хийж магадгүй. Нөхөрт ч гэсэн хариуцлагаа мэдрүүлэх хэрэгтэй. Хамтдаа л хүүхдээ өсгөх хэрэгтэй."

Сэтгэл зүй

Гэрэл:

"Одоохондоо бид нарын хүүхдүүдэд ямар байгаа нь мэдэгдэхгүй байгаа болохоос ирээдүйд уушги нь ямар байх юм билээ. Аймар шүү дээ. Өмнө нь хүүхэдгүй байхад нээх анзаардаггүй байсан юм байна лээ. Утаатай байна, амьсгалахад хоолой хорслоо гэдэг байсан болохоос, за яаанаа хүүхдийн маань уушги нь яаж байгаа бол, дотор эрхтэн нь яаж байгаа бол, том болоод яах бол гэж санаа зовдоггүй байсан.

Ээжүүд өөрсдийн стресс бухимдлаа Фэйсбүүкийн групп дээр илэрхийлдэг. Миний өмнө нь байсан групп маш идэвхгүй байсан. Харин одоогийн групп их идэвхтэй. Хамгийн гол асуудал нь screen shot-д өртөх вий гэсэн айдас байдаг."

Сарнай:

"Стресс бухимдлаа Фэйсбүүкийн групп дээр тайлдаг. Монголчууд чинь гэр бүлсэг эсвэл найз нөхөдтэйгөө дотно шүү дээ. Сэтгэл зүйчээс авах зөвлөгөөгөө сайн дотныхоо найзуудаас авчихдаг гэж боддог. Нэгдүгээрт Монголчууд өөрсдөө стресстэй байна, энэ асуудал надад хүнд байна гэдгээ тодорхойлж мэддэггүй. Асуудлаа нуудаг. Өөрөөсөө ч нуудаг. Хоёрдугаарт би асуудалтай юм чинь сэтгэл зүйчид хандая гэж мэддэггүй. Монголчуудын ёс заншил гэх юмуу муугаа хүнд харуулахгүй гэсэн үзэлтэй. Бид чинь гаднах төрхөө л гялалзуулаад, өнгөлөөд байна шүү дээ. Сэтгэл зүйчид ханддаг хүмүүс байгаа байх гэхдээ ховор байдаг байх.

Утааны хамгийн хорлонтой нь үр дүн нь яг шууд өнөөдөртөө мэдэгдэхгүй. Хүүхдүүд маань аажимдаа хичээлдээ муудаад, анхаарал нь төвлөрдөггүй болох байх. Утааны хор нөлөө нь хэдэн жилийн дараа манай Монголын хүүхдүүдийн олонх хэсгийг нь хамарна гэж бодохоор их хэцүү. Сэтгэл өвдмөөр. МОНГОЛООС ЗУГТААЖ ЯВМААР САНАГДААД. ГЭХДЭЭ ЗУГТЛАА ГЭЭД Ч ХАЙЧИХ ВЭ ДЭЭ."

Хэн биднийг аврах вэ?

Агаарын бохирдол ганцхан санхүү, эрүүл мэндэд биш, нийгмийн чухал асуудлууд болох гэр бүлийн харилцаа, хувь хүний сэтгэл зүйд нөлөөлж байна. Одоо бүгдээрээ хэн биднийг энэ асуудлаас гаргаж өгөхийг бодоцгооё.

19-р зууны сүүл 20-р зууны эхээр Их Британийн Лондон хот манан ихтэйгээс гадна агаарын бохирдолтой гэдгээрээ алдартай байжээ. Нүүрсний хэт хэрэглээнээс үүсэн энэхүү утаа болон хотын манан 1952 оны 12 дугаар сард гамшгийн хэмжээнд хүрч дөрвөн хоногийн дотор 4000-12,000[1] гаруй хүний амь насыг хөнөөж, олон мянган хүмүүсийн эрүүл мэндийг хутганы ирэн дээр авчирсан. Лондончуудын хотын захиргаандаа гаргасан олон удаагийн гомдол, хүмүүсийн хичээл зүтгэлийн үндсэн дээр 1956 онд Цэвэр агаарын тухай хууль батлагдсанаар Лондонгийн утаа багассан байна. Гэхдээ ганцхан хууль батлагдаад утаагүй болсон гэвэл үнэнээс хол зөрнө.

1930-аад онд эхэлсэн агаарын бохирдлыг эсэргүүцэж Лондончууд олон удаа хотын захиргаандаа шаардлага тавьсан. Цэвэр агаарын хууль батлагдсанаас хойш

  • хатуу түлш хориглогдсон
  • сайжруулсан, цахилгаан болон хийн түлш ихээр хэрэглэгдэж эхэлсэн
  • том үйлдвэрүүдийг хотоос нүүлгэсэн
  • цахилгаан станцуудыг хүн ам багатай дүүргүүд рүү нүүлгэсэн
  • байгалийн хий ашигладаг тээврийн хэрэгслүүдийг татвараас чөлөөлсөн.

1956 онд батлагдсан хуулиас хойш олон жилийн ажлын хүчээр 1980 он гэхэд Лондон хотын агаар дахь хорт утааны агууламж 80%-р буурсан байна. ( Дэлгэрэнгүйг “Лондончуудын үхлийн утаанаас ангижирсан түүх”-с https://ikon.mn/n/16zn) Ийнхүү Лондонг иргэдийн ухамсар, зөв шаардлага, төрийн бодлого, иргэд төрийн хамтын ажиллагаа аварсан. Харин биднийг хэн аврах вэ?

Агаарын бохирдол нь хүн бүрийн оролцоо шаардсан, цогц асуудал юм. Бохирдлыг ХЭН НЭГЭН гарч ирээд ганц товчлуур дараад алга болгочихгүй. Тэгэхээр бид БААТАР-аа хүлээгээд суух уу? Эсвэл өөр өөрсдийнхөө БААТАР болоод явах уу?

 

[1] https://www.britannica.com/event/Great-Smog-of-London

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.