Ногоон эдийн засгийн холбооны олон улсын чуулга уулзалт зохион байгуулагдлаа

Ногоон эдийн засгийн холбоо (НЭЗХ)-ны олон улсын чуулга уулзалт 2019 оны 1 дүгээр сарын 7-9-ний өдрүүдэд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Кейп Таун хотод зохион байгуулагдлаа. Энэхүү хурлаар дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн НЭЗХ-ны түнш байгууллагууд болон хүндэт төлөөлөгчид хуран чуулж, ногоон эдийн засгийн бодлогын үр дүн, үүн дэх иргэний нийгмийн үүрэг хариуцлага болон хүртээмжтэй өсөлт зэрэг бусад асуудлуудыг хэлэлцсэн юм.

Энэхүү чуулга уулзалтад Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Дэд захирал И.Одончимэг оролцсон ба уулзалтын үеэр тус төвөөс бэлтгэн гаргасан “Монгол Улсын ногоон эдийн засгийн барометр 2018” тайлан болон Монгол Улсын ногоон эдийн засаг руу шилжих шилжилтийг танилцуулсан төдийгүй тус төвөөс хэрэгжүүлж буй “Гэр хорооллын иргэдэд тулгарч буй асуудлыг зураглалын аргаар тодорхойлох” судалгааны явцыг танилцуулсан юм.

Чуулганы үеэр төрийн байгууллагууд, иргэний нийгэм болон хувийн хэвшлийн төлөөллүүд ногоон эдийн засаг, тогтвортой хөгжлийн бэрхшээлүүд болон илүү тогтвортой өсөлтөнд хүрэх арга замуудын талаар өөрсдийн дуу хоолойг хүргэлээ.

Энэ жилийн чуулганы уриа нь “Хүн бүрт хүртээмжтэй” буюу шинэ, илүү ногоон эдийн засгийн системд хэрхэн хүн бүр ашиг хүртэх талаар байсан юм. Энэ ч утгаараа, чуулган нь өргөн хүрээний хэлэлцүүлгүүд болон networking арга хэмжээнүүдээр дүүрэн зохиогдсон. Ногоон, шударга эдийн засгийг бий болгох мөн хүмүүст хүртээмжтэй байлгахад чухал бодлогын тэргүүлэх чиглэлүүд:

  • Санхүү
  • Хүртээмж
  • ЖДҮ
  • Байгалийн баялаг ба ногоон эдийн засгийн стратеги

НЭЗХ нь дэлхий даяар 300 гаруй байгууллагыг хамарсан дэлхийн хамгийн том ногоон ба шударга эдийн засгийн төлөөх түншлэл юм. НЭЗХ нь орон нутгийн байгалийн баялагийг тухайн газрын оршин суугчид нь эзэмших мөн буурай улс орнууд илүү цэвэр эрчим хүчний системийг бий болгох ногоон эдийн засгийн санааг дэмжихээр байгуулагдсан билээ. Ногоон эдийн засагт хүрэхийн тулд, НЭЗХ нь дараах үндсэн 5 арга хэмжээг авч байгаа: Хэмжих ба чиглүүлэх, санхүүгийн системийг шинэчлэх, эдийн засгийн салбаруудыг ногоон болгох, тэгш бус байдлыг багасгах, байгалийн үнэ цэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: https://www.greeneconomycoalition.org/

Чуулганы дараа НҮБ-ын PAGE хөтөлбөрийн хүрээнд Сайд нарын дээд хэмжээний уулзалт Кэйп Таун хотод болсон.

Дээд хэмжээний уулзалтад Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий захирал Гай Райдэр, Эмнести Интернэшнлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Куми Найдүү мөн дэлхийн өнцөг болон бүрээс 10 гаруй сайдууд оролцсон юм. Тус арга хэмжээг Өмнөд Африкийн Байгаль орчны Сайд Номвула Паула Моконянэ зохион байгуулсан юм.

НҮБ-ын PAGE хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: http://un-page.org/home

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.