Усны менежмент

Монгол орон нь дэлхийн усны нөөц нэн багатай гэж тооцогддог 22 орны нэг ба нийт нутгийн 70% нь говь цөл, цөл хээрийн хуурай, хуурайвтар бүс нутагт хамаарагддаг.[1] 2017 оны байдлаар манай улсын гадаргын усны нөөц 21035.4 сая м3 харин газар доорх усны нөөц 3062.1 сая м3 байсан. [2] Усны сан бүхий газар 686.7 мянган га буюу нийт газар нутгийн 0.44 %-ийг эзэлж байна. Үүнд:

- газарт мөрөн, гол, горхи 228.4 мянган га буюу 33.27 %

- нуур, цөөрөм 444.3 мянган га буюу 64.69 %

- горхи, булаг, шанд 12.4 мянган га буюу 1.81 %

- мөнх цас, мөсөн гол 1.6 мянган га буюу 0.23 % [3]

Монгол орны усны нөөцийн 80% нь гадаргын ус, 20% нь газрын доорх ус бөгөөд гадаргын усны нийт хэрэглээний 0.4% -ийг хүн амын унд ахуйн хэрэглээнд, 99.6% -ийг үйлдвэр үйлчилгээнд ашигладаг бол газар доорх усны 0.8% -ийг хүн амын унд ахуйн хэрэглээнд, 99,4%-ийг үйлдвэр үйлчилгээний хэрэглээнд хэрэглэдэг байна[4]. Монгол орны нийт ус ашиглалтыг, салбарын хамт харуулбал:

Эх сурвалж: Ус сувгийн удирдах газар

Манай улсад нийт усны хэрэглээний 85% -ийг экологийн эмзэг тогтоцтой нөхөн сэргээгдэх хугацаа нь хэдэн арван жилээр тооцогддог газар доорх уснаас хэрэглэдэг . Энэ нь цөлжилт, хуурайшилтыг нэмэгдүүлэх экологийн сөрөг үр дагавартай тул онцгой хамгаалалтад авч нөхөн сэргээгдэх хэмжээнээс хэтрүүлэлгүй ашиглаж, харьцангуй хурдан буюу жилд дунджаар 12 удаа нөхөн сэргээгддэг гадаргын усыг түлхүү ашиглахад анхаарах хэрэгтэй. Хэдий гадаргын ус илүү нөхөн сэргээгддэг боловч мөн бохирдох, хомстох, ширгэх эрсдэлтэй байдаг.

Манай орны нийт усны нөөц нь хүн ам их төвлөрсөн хотуудад хүртээмж багатай байдаг ба 2018 оны байдлаар нийт хүн амын 68% буюу ойролцоогоор 2.2 сая хүн[5] суурьшлийн бүсэд амьдарч байна гэсэн тооцоо гарчээ. Орон нутгаас хотод нүүн ирэх хүмүүсийн тоо ихсэх тусам тухайн хотын оршин суугчдын усны хэрэглээ ихсэж, бүс нутаг дахь усны хангамжийг давж байна. Үр дүнд нь усны хэт ашиглалт, бохирдол, мөн цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалж усны нөөц хомстож, цэвэр усгүй болох аюулд ороод байна.

Ахуйн хэрэглээ

Ахуйн хэрэглээний 1 литр усны үнэ дэлхийн бусад орнуудтай харьцуулахад харьцангуй бага байдаг ба тоолууртай өрхүүдэд цэвэр ус 0,62 төгрөг бохир ус зайлуулах  0.48 төгрөг байдаг. [6]2019 оны байдлаар орон сууцны оршин суугч 1 хоногт дунджаар 139 литр ус, гэр хорооллын оршин суугч шугамд холбогдсон бол  хоногт дунджаар 8,9 литр, зөөврөөр авдаг бол 8,1 литр ус хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг [7]. Энэ нь 20 жилийн өмнөхтэй харьцуулахад орон сууцны оршин суугчдын хувьд 3 дахин багассан үзүүлэлт хэдий ч усны үнэ цэнэ, ач холбогдлын талаар мэдлэг муу, мэдээлэл хангалттай байдаггүйгээс үүдэн иргэд унд, ахуйдаа усыг зөв зохистой, үр ашигтай хэрэглэж чаддаггүй.

Ундны болон ахуйн хэрэглээнээс гадна бидний өдөр тутамдаа хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх бүх л шат дамжлагад ус ихээр хэрэглэгдсэн байдаг. Жишээ нь талхны гол орц болох гурилыг үйлдвэрлэхэд улаан буудайг ургуулах шаардлагатай. 1 кг улаан буудайг ургуулж үйлдвэрлэхэд 1827 л ус зарцуулна. Энэхүү 1 кг улаан буудайгаар 790 грамм гурил үйлдвэрлэнэ. Ингээд гурилаа исгэх, талх болгон зуурах гэх мэт дамжлагыг дамнасаар 1 КГ ТАЛХ бий болгоход 1608 ЛИТР УС зарцуулагддаг. 

Холбоос: Усаа хэмнэж амьдарцгаая

Үйлдвэрийн бохирдол

Үйлдвэрийн борхидолоос үүдсэн хөрсний, усны бохирдол нь хотод хамгийн өндөр байдаг ба арьс ширний гэх мэт үйлдвэрүүд бохирдол ихтэй усаа гадагшлуулснаас үүдэн цэвэрлэх байгууламжуудын ачаалал ихсэж бохирдол нэмэгддэг. Улаанбаатар хотод одоогоор 140 гаруй арьс ширний үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг ба эдгээрийн 60 гаруй нь Хан-Уул дүүрэгт оршдог байна. Хан-Уул дүүргийн гурван бичил хороолол дахь арьс ширний үйлдвэрүүдээс хатуу хаягдал, лаг, бохир ус зэрэг байгалийн бохирдлыг үүсгэдэг.

2017 онд үйлдвэрүүдийн хаягдал усанд хийсэн НМХГ-ын шинжилгээний үр дүнд үйлдвэрээс гарах бохир ус чанарын шаардлага хангадаггүй болох нь батлагдсан ба үйлдвэрийн орчмын хөрсний бодисын агууламж стандартын хүлцэх агууламжтай харьцуулахад 114 цэгт хүлцэх агууламжаас хэтэрсэн, 57 цэгт хортой агууламжаас хэтэрсэн, 33 цэгт аюултай агууламжаас хэтэрсэн байна.[8]

Бохир ус цэвэршүүлэх байгууламж

Улаанбаатар хотод Ус сувгийн удирдах газар (УСУГ)-аас хоногт 150.000-160.000 м3 цэвэр ус олборлон түгээж, 160.000-170.000 м3 бохир ус татан зайлуулдаг. УСУГ-ын нийт 12 цэвэрлэх байгууламжаас дангаараа төв цэвэрлэх байгууламж нь нэг өдөрт 190,000-200,000 м3  бохир ус хүлээн авч, химийн болон механик аргаар цэвэрлэсний дараагаар хэт ягаан туяагаар халдваргүйжүүлж эцсийн шатанд Туул голд цутгадаг. Төв цэвэрлэх байгууламжийн хэт ачааллаас шалтгаалан цэвэршүүлэх чадвар 80% доош байдаг бөгөөд туул голд төв байгууламжаас гарч буй бохир ус нийлснээс доош буюу Сонгино доод цэгээс Алтанбулаг хүртэлх хэсэгт голын ус их бохирдлын түвшинд хүрсэн байдаг байна.

БНХАУ-аас Монголд олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж барих төслийг 2019 оны 2 сард хэрэгжүүлэхээр шийдсэн. Шинэ төв цэвэрлэх байгууламж хоногт 250,000 м3 бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай, цэвэрлэсний дараах лагийг дулааны аргаар бүрэн боловсруулж био хий гарган байгууламжийн дотоодын эрчим хүчний хэрэгцээнийхээ 50% -ийг хангах шийдэл бүхий байгаль орчинд ээлтэй байгууламж юм. Энэхүү байгууламж ашиглалтад  орвол ахуйн бохир усыг олон улсын стандартын шаардлагыг хангасан төвшинд цэвэрлэж байгаль орчныг бохирдуулахгүй байх боломжтой болно.

Уул уурхай ба усны хэрэглээ

Улаанбаатар хотод тулгарч байгаа усны менежментийн асуудлаас гадна нэг том асуудал байгаа нь уул уурхайн байгаль орчинд нөлөөлөх явдал юм. Өмнөговь аймаг нь зэс, алт, нүүрс зэрэг байгалийн баялгаар баян нутаг билээ. Үүнийгээ дагаад уул уурхай ч нэлээдгүй хөгжиж байгаа юм. Гэвч Өмнөговь Дорноговь, Дундговь зэрэг нь хуурай газар нутагтай төдийгүй малчдын амин чухал хэрэгцээ болох гадаргын усны нөөц багатай газар юм. Эдгээр газруудад уул уурхайн үйлдвэрлэл эрчимжиж байгаатай холбогдон газрын гүний усыг түлхүү ашиглах хандлагатай байна.

2011 онд хийсэн усны тооллогоор нийт 34313 худаг байсны 26208 нь уул уурхайн гүний худаг байсан ба тус онд ус ашиглах дүгнэлт авсан 188 ААН-ийн 123 нь алтны үндсэн ба шороон орд ашиглах уурхайнууд байжээ. Ус уул уурхайн үйлдвэрлэлд их хэмжээгээр хэрэглэгдэж нөхөн сэргэх боломжгүй болж байгаа тул ард иргэд усгүй болох айдастайгаар өдөр тутамдаа амьдарч байна.

Үүн дээр нэмэгдээд цаг уурын өөрчлөлт төдий байх үе өнгөрчээ. Ган, зуд, үер, салхи шуурга, хэт халалт цөлжилт болон бага температур нь жилээс жилд нэмэгдсээр байгаа нь цаг уурын өөрчлөлт манай улсад аль хэдийн бий болсныг харуулж байна.


 
Санал болгох
Байгалийн үнэ цэнэ