Агаарын бохирдол

Улаанбаатар хот дахь агаарын бохирдол нь хотын хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй чухал хүчин зүйлүүдийн нэг маргаангүй мөн билээ. Хүйтний улиралд Улаанбаатар хотыг бүрхэх саарал утааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Танд хүргэж байна.

Агаарын бохирдол гэж юу вэ? Үүнийг хэрхэн хэмждэг вэ?

“Агаарын чанарын индексээр агаарын чанарыг үнэлэх, мэдээлэх ерөнхий журам”-д зааснаар агаарын бохирдлыг агаарын чанарын индекс хэмээх үзүүлэлтээр хэмждэг. Агаарын чанарын индекс гэж хот, суурин газрын хүрээлэн байгаа агаар дахь бохирдуулах бодисын агууламжийг тухайн бохирдуулах бодисын хүний эрүүл мэндэд нөлөөлөх агууламжийн утгатай харьцуулсан тоон үзүүлэлтийг хэлнэ.

Агаар дахь бохирдуулагч бодист:

а) хүхрийн давхар исэл (SO2):

б) азотын давхар исэл (NO2);

в) PM10 тоосонцор эсхүл PM2.5 тоосонцор;

г) нүүрстөрөгчийн дутуу исэл (CO);

д) озон (O3)

Хүснэгт 1. Агаарын чанарын индекс, www.agaar.mn 

Агаарын чанарыг Агаарын чанарын индексээр 6 түвшинд ангилах бөгөөд түвшин тус бүрт харгалзах индексийн тоон үзүүлэлт, өнгөт тэмдэглэгээ, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг Хүснэгт 1-д харуулав.

Агаар дахь бохирдуулагч бодис бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хүснэгт 2. Агаар дахь бохирдуулагч бодисуудын нөлөө, Агаарын бохирдлын мэдээллийн сан 2018

Монгол Улсын Засгийн газрын бүрдүүлсэн тоо баримтаас үзэхэд 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн өглөөний 05:00 цагт Баруун 4 замын орчимд нарийн ширхэгт тоосонцрын агууламж 3,320 мкг/м3 байсан ба энэ нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүлээн зөвшөөрсөн хэмжээнээс даруй 133 дахин их байна[1].

Агаарын бохирдол хүүхэд, хөгшид ялгалгүй бүхий л насны хүмүүсийг хамарч байна. Ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд эхийн хэвлийд бий болсон цагаас нь эхлэн сөргөөр нөлөөлдөг. НҮБ-ийн хүүхдийн сангийн “Аюулын харанга” агаарын бохирдал ба хүүхдийн эрүүл мэнд тайланд дурдсанаар:

- Монголд ургийн эндэгдэл өвөл, зуны улирлын хоорондох ялгаа 3.5 дахин зөрүүтэй байна[1].

- Сүүлийн 10 жилийн хугацаанд 10000 хүнд ногдох амьсгалын замын өвчлөл огцом нэмэгдэж 2.7 дахин өссөн гэх тооцоо байна[2].

- Өнөөдрийн байдлаар уушгины үрэвсэл 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 2 дахь шалтгаан болоод байна[3].

- 2015 онд 5 хүртэлх насны 435 хүүхэд уушгины үрэвслийн улмаас нас барсан[4].

Агаарын бохирдол нь бидний эрүүл мэндээс гадна хүрээлэн буй орчны бохирдол, байгаль орчны доройтлыг дагуулдаг. Агаарын бохирдлоос шалтгаалан цөлжилт болон шороон замаас бий болох тоосонцор, дулааны цахилгаан станцууд, автомашин болон гэр хороолол дахь зуухуудаас шалтгаалан үүснэ. Өвлийн улиралд агаарын бохирдол ихсэх нэг шалтгаан нь гэр хороолол дахь оршин суугчид хүйтний улиралтай тэмцэхийн тулд түлээ, мод, нүүрснээс гадна бусад хогийг шатаадгаас болдог.

Агаарын бохирдол Улаанбаатар төдийгүй Эрдэнэт, Дархан болон зарим аймаг, сумын төвүүдэд жилээс жилд бий болж нэмэгдсээр байна.

Сүүлийн жилүүдэд агаарын бохирдлоос үүдэн нийгмийн олон асуудлууд үүсэж байгаа. Хүйтний улирал эхэлмэгц хүүхдийнхээ эрүүл мэнд, ирээдүйн төлөө хотоос хөдөө рүү эсвэл бүр гадаад руу дүрвэх ээжүүдийн тоо ихсэх болсон нь санхүү, сэтгэл зүйн олон асуудлуудыг авчирч буй нь лавтай. 

Холбоос: "Өвөл"-ийн бохирдол: нүүрсний утаа үнэртсэн нүүдэлчид

 

[1] Д.Энхмаа., ба бусад, ‘Монгол Улсад улирлын чанартай агаарын бохирдол нь ураг аяндаа зулбахтай шууд корреляци хамааралтай”, BMC Pregnancy and

Childbirth, 2014, 14, (1), х. 146

[2] Эрүүл мэндийн үндэсний төв, Улаанбаатар, Монгол Улс.НҮБ-ын Хүүхдийн Сангийн дүн шинжилгээ(2017; нийтгэгдээгүй)

[3] Очир; Смит; Хилл; Олхануд; Дамдинсүрэн; Мөнхтуул; Эдвардс; Тюрнер. Улаанбаатар хотын агаарын бохирдол ба эрүүл мэнд. Төслийн эцсийн тайлан.

Улаанбаатар, Монгол Улс, 2014.

[4] Очир; Смит; Хилл; Олхануд; Дамдинсүрэн; Мөнхтуул; Эдвардс; Тюрнер. Улаанбаатар хотын агаарын бохирдол ба эрүүл мэнд. Төслийн эцсийн тайлан.

Улаанбаатар, Монгол Улс, 2014.

 
Санал болгох
Байгалийн үнэ цэнэ